
МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрээр Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн учраас Ардчилсан намыг гаргаж, дангаараа шинэ засгаа бүрдүүлэхээр болсон. Уг шийдвэрээс хойш шинэ Ерөнхий сайд хэн байх, МАН-ын дараагийн даргад хэд хэдэн хүний нэр яригдаж эхэлсний нэг нь Сангийн сайд Болдын Жавхлан юм.
Түүнээс Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа болон дараагийн Ерөнхий сайдад яригдаж буй талаар нь тодрууллаа.
Б.Жавхлан Сангийн сайд
“Хамтарсан Засгийн газрын амласан зүйлүүд, өмнө танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдэд өөрчлөлт орж, ухрах ёсгүй юм. Ард түмэн ч парламентаас үүнийг нэхэх ёстой. Өнгөрсөн 10 сар бол маш олон жилүүдийн алдсан боломжуудыг эргүүлж авчрах, цаашид амжилттай үргэлжлүүлэх итгэл найдварыг бий болгосон. Хэрвээ ийм байдлаар явж чадахгүй эрсдэл үүсэх юм бол магадгүй дахиад энэ олон жилүүдээс ч илүү үнэ цэнтэй ийм богино хугацаа байсан гэж харж байгаа юм.
УИХ-ын хувьд намрын чуулган байлаа шүү дээ. Энэ олон шийдвэрүүдийг гаргасан та нар бүгдээрээ мэдэж байгаа. Бид нар 14 мега төслөөсөө бараг 4, 5 ч төслийг эхэлчихсэнийг үргэлжлүүлж байна. Одоо үүнээсээ ухрахгүй үе шатад орууллаа. Эхлээгүй байсан төслүүдээ эхлүүллээ. Хэдхэн хоногийн өмнө, Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр зам буюу 60 жилийн түүхэнд анх удаа хил холболтыг бүтээн байгуулалтаа эхлүүлж чадлаа.
Араас нь дахиад 2, 3 ч боомтыг богино хугацаанд дагуулах ийм боомтын бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан.
Энэ маш их саад бэрхшээлтэй зүйлүүд байсан. Тэр болгоныг яриад байх боломжгүй байдаг.
Гагцхүү одоо цаг хугацааны хувьд 14 мега төслөөс ухарч болохгүй. Цаг хугацаа, санхүүжилтийн хувьд бид шинэ календарьд, шинэ эрэмбэд бол оруулах ёстой ийм цаг үе дээр ирж байна.
Харин 14 мега төслөөс гадна бусад төсөв дээр ачаалал ирж байгаа бүтээн байгуулалт болон төр өөр дээрээ хэмнэлт хийж болох ийм зүйлүүдийг ойрын хугацаанд хийх ёстой.
Хамтрах үедээ бид нарын бүтээн байгуулсан зүйлсийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж, сүүлийн 20 жил алдсан, магадгүй цаашдаа одоо хамтраагүйгээс бид нарын цаг хугацаа алдаж болзошгүй зүйлтэй харьцуулах юм бол энэ юу ч биш.
Тийм учраас би энэ Хамтарсан Засгийн газар хамтралыг түүх үлдээсэн маш том бүтээн байгуулалтын мега хамтрал байлаа л гэж хэлмээр байна.
Дараагийн шинэ Ерөнхий сайдын хувьд миний шийдэх асуудал биш.
Ямар ч байсан би Л.Оюунэрдэнэ Ерөнхий сайдынхаа урьсан Засгийн газарт Ерөнхий сайдтайгаа эцсийн мөч хүртэл хамтарч ажиллаж байна.
Цөөшдөө бол би УИХ-ын гишүүн, би ард түмний төлөөлөл, тойргийнхоо төлөөлөл. Энэ ажлуудаа үргэлжлүүлээд явж болно”