
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга” гэж мэдэгдсэн.
Түүний мэдэгдлийн дараа АН-ын дарга хэн болох вэ? гэдэг марафон эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар АН-ын даргад нэр дэвшихээр зэхэж байна.
Үүн дээр нэмэгдээд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж АН-ын даргад яригдаж байна. Гэхдээ түүний хувьд одоогоор нэр дэвших эсэх хариугаа өгөөгүй байгаа аж.
Намын даргад горилогчдын дунд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хүчтэй яригдаж байгаа ч Хамтарсан Засгийн газрыг огцруулах “Огцрох амархан” жагсаалд нэгдэн, залуусын хамт тэмцэж, огцруулах бичигт намын бусад хэдэн нөхдийн хамт гарын үсэг зурсан. Энэ нь засаг, түүний бүтцэд байсан намын бусад гишүүдээ ажилгүй болгосон нь намын дарга болгоход эсрэг санал өгөх эрсдэлтэй.
Харин Нийслэлийн АН-ын даргад Ч.Лодойсамбуу илүү боломжтой хувилбар гэж АН дотор яригдаж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд УИХ-д улиран сонгогдсон туршлагатай улс төрч, цөөнхийн бүлгийг ахалж байгаа, парламент дахь сөрөг хүчний бойкотыг манлайлж чаддаг. Хүссэндээ ч хүрч, олонх намтайгаа тохиролцож чаддаг зэргийг нь бодвол АН-ын даргад хамгийн боломжтой хувилбар болоод байна.
Үүн дээр нэмэх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ийм хүнийг намын даргаараа сонгох нь АН-д илүү ашигтай гэдгийг дотооддоо ярилцаж байгаа нь тодорхой юм.