
Сүүлийн жилүүдэд Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлж байна.
2021 онд дэлхийн Төв банкуудын алт худалдан авалт 473.3 тоннд хүрч нийт алтны эрэлтийн 11%-ийг эзэлж байсан бол 2022 онд 1082 тоннд хүрч огцом өссөн бөгөөд энэ нь нийт эрэлтийн 23%-ийг бүрдүүлсэн.
Тэгвэл 2023 онд энэ тоо 1037 тонн болж, цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байна.
Алтны нөөцийн хэмжээгээр АНУ дэлхийд тэргүүлдэг ба нийт 8133 тонн алтны нөөцтэй байна.
Үүний дараа ХБНГУ (3355 тн), Итали (2451 тн), Франц (2437 тн) нөөцтэй бол БНХАУ сүүлийн жилүүдэд алтны худалдан авалтаа эрчимтэй нэмэгдүүлж, 2279 тонн нөөцтэйгөөр дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өндөр байгаа нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг болох алтны үнэ өнгөрсөн сард унци тутамдаа 3100 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн.
Харин бид алтны үнийн энэ өсөлтийг ашиглаж, 1 их наяд гаруй төгрөгөөр тасрах эрсдэлтэй төсвийн орлогоо бүрдүүлэх нэн шаардлагатай байгаа ч Засгийн газар, улс төрийн тогтворгүй байдал “алтан үе”-ийг ашиглахгүй өнгөрөөх эрсдэл дагуулж байна.
Дэлхийн улс орнуудын төв банкууд аль худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь энэ саобарын хөрөнгө оруулагчдын “сэрлийг” өдөөж, хаана алтны тодорхой нөөц хайгуул хийгдсэн ордууд байна, түүнд хөрөнгөө хийж баталгаажуулж авах өндөр сонирхолтой байна.
Гэвч Монгол Улсын Засгийн газар Алт-3 хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэр гаргасан ч улс төрийн хийрхэлд идэгдэж хөтөлбөрийн ирээдүй бүрхэг болж эхэллээ.
Манай улсын хувьд сүүлийн 5 жилд дунджаар 20 орчим тонн үнэт металл дотоодын зах зээлээс худалдан авч, жилд 900 орчим сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ.
Монгол Улсын хувьд алтны шороон ордын үлдэгдэл нөөц багасаж байгаатай холбоотойгоор олборлолт буурч байгаа юм.