
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Шинэбаярын зүгээс хорих ангийн тохижилт үйлчилгээтэй холбоотойгоор төлөвлөсөн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Тус хорих ангид одоогийн байдлаар нийт 370 хорих ял эдэлж буй этгээд байна. Хорих анги болон Цагдан хорих байрны үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа талаар мэдээллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоолоор Ардын армийн 023 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн байгуулагдсан бөгөөд өдгөө Өвөрхангай аймгийн сумдыг хариуцсан 80 орчим алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Комисс нь дээрх хяналт шалгалтаар илэрсэн дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгуулах зорилгоор Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллах болно.