АН-ынхан МАН-ын Бага хурлын дүгнэлтийн талаар юу юу ярив?

Нийслэлийн ерөнхий боловсролын “Оргил” дунд сургуулийн нийт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн захиргаа болон Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн, үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяат багш Б.Наранцэцэг, О.Эрдэнээ, захирал Н.Нарантуяа нарт хандан албан шаардлага хүргүүлж, сургалтын төлбөрийг огцом нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Хууль, эрх зүйн үндэслэлтэй шаардлага
Сургуулийн захиргаа, сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд байгуулах сургалтын гэрээг 2023 оны 8 дугаар сарын 28-нд Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа агентлагаас баталсан ерөнхий боловсролын сургуулийн загвар гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөн байгуулж ажиллахыг бүх ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд даалгасан байтал Оргил сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагууд эцэг, эхчүүдийн тавьж буй энэ хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэж байгаа нь ямар шалтгаантай вэ?
Энэхүү шаардлага гаргах болсон учир нь тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 02 тоот тогтоол гаргаж эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй огт зөвшилцөлгүйгээр сургалтын төлбөрийг 9.5 сая төгрөгөөс шууд 15,85 сая төгрөг болгон даруй 60%-аар нэмэгдүүлж, нэмэлт төлбөрүүдийн хамт нэг хүүхдийн жилийн зардал 20 сая төгрөгт хүргэхээр эцэг, эхчүүдийг дарамт шахалтад оруулж байгаа юм байна. Зарим эцэг, эхчүүдээс энэ талаар тодруулга авахад “сургуулийн захиргаа нь анх 6.5 саяар гэрээ хийхдээ төлбөрийг огт нэмэхгүй 3 жил дагаж мөрдөнө гэж итгүүлж олон хүмүүсийг хуурсан бөгөөд жил тутамд төлбөрөө нэмсээр 4-5-хан жилийн дотор 3,4 дахин нэмэгдүүлж өөрсдийнхөө хувийн бизнесийг санхүүжүүлэх гэж байгаа гэж хардаж байна” гэж бодлоо хуваалцсан юм. Мөн түүнчлэн суудал баталгаажуулалт хийхгүй бол нэмж 3 сая төгрөг төл хэмээн шаардсан талаар дурдав.

Ёс зүйн болон харилцааны ноцтой асуудлууд:
• Эцэг эхчүүдийн мэдэгдсэнээр:Захирал Н.Нарантуяа сургалтын төлбөр нэмэгдсэн талаар сар хүрэхгүй хугацааны өмнө мэдэгдсэн бөгөөд багш, ажилчдаар дамжуулан хүүхдүүдэд шинэ гэрээнд гарын үсэг зуруулах шахалт үзүүлж байгаа нь хуулийн бөгөөд ёс зүйн зөрчил юм. Учир нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн 17.7 дахь хэсэгт эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах сургалтын гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахыг хориглохоор заасан байдаг.
• 2025.05.14-ний өдөр болсон уулзалтын үеэр тус сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн даргыг шаардлага хэлэхээр индэрт гарахад захирал Н.Нарантуяа нь зөрөөд танхимаас гарч явсан бөгөөд эцэг, эхчүүдийн хүчтэй шаардлагаар эргэн орж ирсэн. Мөн эцэг, эхчүүдийг санал, шүүмжлэл хэлж байхад ярьж байгааг нь үл ойшоож багш, ажилтнуудтайгаа инээж хөхрөн суусныг хуралд байсан хүмүүс ихэд дургүйцэж, боловсролын байгууллагад ёс суртахуунаа гээсэн ийм хүн ажиллуулах боломжгүй тул ажлаас халах санал гаргаж байсан.
• Эцэг эхийн зөвлөлөөс ТУЗ-ийн дарга М.Батаа болон үүсгэн байгуулагч Б.Наранцэцэг, О.Эрдэнээ нартай уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан ч сургуулийн захиргаа болон дээрх хүмүүс хүлээж аваагүй бөгөөд 2025.05.14-ний өдөр болсон уулзалтад ТУЗ-ийн зүгээс хүн ирээгүй.
• Санхүүгийн албаны зөвлөх нь эцэг, эхчүүдэд ил тод бус тайлан тавьж, “та нар үнэтэй талх авч чадахгүй бол авах хэрэггүй” гэсэн доромж үг хэлсэн нь хурлын оролцогчдын бухимдлыг төрүүлжээ.
• Сургуулийн зүгээс 2022 онд 6.5 сая төгрөгийн төлбөрөөр элсэлт авч байсан ч хичээл эхлэхийн өмнө 8.5 сая болгож, дараа жил нь 12.5 сая болгохыг оролдсон. Эцэг эхчүүд эсэргүүцсэний үр дүнд 9.5 саяд тогтсон ч энэ жил “та нар хоёр жил хөнгөлөлттэй сурсан” гэх үндэслэлгүй тайлбар тавьсан.
• Сургуулийн удирдлагууд төлбөр нэмэгдүүлсэн гол шалтгаанаа багш нарын дундаж цалин 4 сая төгрөг болсон, Кембрижийн хөтөлбөрийн багш нарын сургалтын зардал нэмэгдсэн гэх мэтээр үндэслэж буй ч, бодит зардлын тайлан, үр ашиг, хөтөлбөрийн чанарын талаарх мэдээллийг ил тод танилцуулаагүй.
• Эцэг эхчүүдийн зүгээс шинээр баригдаж буй сургуулийн барилгын санхүүжилт болон үүсгэн байгуулагчдын бусад бизнесийн санхүүжилтийг энэ төлбөрөөр босгож байна гэсэн хардлага бий. Зүй нь бол сургуулийн барилгын санхүүжилтийг үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид босгох ёстой бөгөөд үүнд эцэг, эхчүүдийг хамруулж буй нь буруу, үндэслэлгүй юм.
Эцэг эх, асран хамгаалагчдын шаардлага
1. Сургалтын төлбөрийг одоогийн 9.5 сая төгрөгөөр хэвээр хадгалж, 3 жилийн хугацаанд тогтвортой байлгах гэрээ байгуулах.
2. Төлбөр нэмэх үндэслэл бүхий шаардлага байгаа бол инфляц, сургалтын чанар, тухайн жилийн ажлын гүйцэтгэл, гэрээг дүгнэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн эцэг эхчүүдийн 75%-ийн зөвшөөрлөөр, жилд 10-15%-иас хэтрэхгүй хэмжээгээр нэмэх.
3. Сургалтын гэрээг Боловсролын яамнаас баталсан загвар гэрээнд нийцүүлэн, эцэг, эхчүүд, асран хамгаалагчидтай зөвшилцөж байгуулах.
Дараагийн алхам
Хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй, хэлэлцээ хийх нөхцөл бүрдэхгүй тохиолдолд эцэг эхчүүд:
- 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын гэрээнд гарын үсэг зурахгүй;
- Боловсролын болон хууль хяналтын шат шатны байгууллага, шүүхэд гомдол гаргах;
- Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шаардлага тавих; болон
- Хууль ёсны бусад аргаар тэмцэх юм байна.
Хэдий ийм ч эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн удирдлагатай ухаалаг, зөвшилцөлд суурилсан хамтын шийдэл гаргах хүсэлтэй байгаагаа онцолж байна.
Бид Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөр огцом нэмэгдсэн талаарх мэдээллийг тус сургуулийн захирал Н.Нарантуяа-аас асууж тодруулав.
Сайн байна уу?
- Сайн, сайн байна уу?
Сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн талаар мэдээлэл авах гэсэн юм. Ямар шалтгаанаар нэмэгдэж байгаа вэ?
- Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид эцэг эхчүүдэд тодорхой мэдээллийг хүргэсэн.
Төлбөр нэмэгдэж байгаа шалтгаан шинэ сургуулийн барилга, үүсгэн байгуулагчдын хувийн бизнесээ санхүүжүүлэхтэй холбоотой юу?
- Тийм юм байхгүй ээ.
Суудлаа баталгаажуулахгүй бол төлбөр дээрээ нэмж 3 сая төгрөг төлнө гэсэн нь үнэн үү?
- Тийм юм байхгүй ээ. Би хуралтай байна. Эцэг эхчүүдэд тодорхой мэдээлэл хүргүүлсэн.
Сургуулийн захиргаанаас дээрх тайлбарыг өгсөн бөгөөд эцэг эхчүүдийн гарын үсэгтэй эсэргүүцэх шаардлага захиргаанд нь хүргэгдсэн байгаа юм байна |