
Монголын иогчдын холбооноос “Yoga Festival Mongolia” арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, иогийн талаар цэгцтэй мэдээлэл олгох, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилготой юм.
Бүгд найрамдах Энэтхэг улс, Америкийн нэгдсэн улс, Вьетнам улсын иогийн багш нар урилгаар оролцож байгаа бөгөөд манай улсын шилдэг багш нарын хамт 38 төрлийн иогийн дасгал, хоол зүй, бясалгалын хичээлүүдийг нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн анхан, дунд, ахисан, эмчилгээний түвшинд толилуулна.
Өмнөх жилүүдэд зохион байгуулсан фестивалиудад Япон, ХБНГУ, ОХУ, Чили, БНЭУ улсын багш нар хүрэлцэн ирж 4000 гаруй иог сонирхогчдыг нэгтгэн чуулсан. Иогийн эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдарт үзүүлэх эерэг нөлөөллийн олон судалгааны ажлуудаар иог нь орчин цагийн стресс менежментийн чухал арга болж байна. Иогоор хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн хувьд төгс хөгжсөн байх шаардлагагүй. Харин иог, бясалгалын олон төрлийн хичээлүүдээс та өөрийн бие бялдрын онцлогт тохируулан сонгон хичээллэх нь зохимжтой юм.
“Yoga Festival Mongolia” арга хэмжээ танд өөрт тохирох иог, бясалгалын төрлөө олоход туслана.
Энэ удаагийн фестивал зургаадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Блью скай тауэрт болох бөгөөд тасалбарыг өөрт ойр иогийн төвүүдээс болон Ticket.mn сайтаар худалдан авах боломжтой.