
1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг үүсгэн байгуулснаар улс орны эдийн засгийг өөрчлөн шинэчлэх, банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлснээр үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгон гүйлгээнд гаргах үндэс тавигдсан.
1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн түүхэн тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн банканд үндэсний мөнгөн тэмдэгтийг “ТӨГРӨГ” нэртэйгээр гүйлгээнд гаргах онц эрхийг олгож байжээ. Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш Монгол төгрөг 100 жилийн түүхийг бүтээжээ.
Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг. 100 жилийн тэртээ БНМАУ үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй байсан.
100 жилийн өмнөх тэр үед Монгол Улс нь банк санхүүгийн салбарын хөгжил ядмаг, ард иргэд гадаад орны олон тооны цаасан дэвсгэрт, алт мөнгөн зоос, ембүү, таван хошуу мал, ан амьтны үс, цай зэрэг олон төрлийн таваараар худалдаа наймаа хийж байсан
Үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргаснаар төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан зүйлсийг гүйлгээнээс татаж эхэлсэн ч тухайн үед хятадын янчаан нь зах зээлд төлбөрийн хэрэгслийн зонхилох үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байжээ.
Эхэн үедээ янчаан нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв. Зах зээл дээр байсан янчаан, төгрөг хоорондын тэмцлийн явцад янчааны ханш буурч, төгрөгийн худалдан авах чадвар жил ирэх тусам дээшилсээр хүмүүсийн төгрөгт итгэх итгэл сайжирсаар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний Төгрөгийн эзлэх жин нь түргэн өсөж, гүйлгээнд анх гарахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг нь жилийн дараа буюу 1926 оны сүүлээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулсан байдаг.
1925 онд анхны мөнгөн тэмдэгт нь хөвөн цаасан дээр хэвлэгдэж бүх бичиг, тоо уйгуржин монгол үсгээр бичигдсэн, монгол үндэсний хэв загвар болох өлзий хээ, үелсэн хээнээс өөр хамгаалалтын элементгүй байсан.
Мөнгөн тэмдэгтэд улсын сүлд, албан ёсны хэл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргээс хамааран хэв загварын хувьд 5 удаагийн, бүтцийн хувьд 4 удаагийн өөрчлөлтийг тус тус хийсэн
Сүүлийн 6, 7 жил нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байсан мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтын элементийг орчин үеийн дэвшилтэт технологиор шинэчлэн сайжруулж, хөгжингүй улс орнуудын мөнгөн дэвсгэртийн чанар, хамгаалалтын элементтэй дүйцэхүйц болгожээ.
Тухайлбал,
- 2018 онд 5000-тын дэвсгэртийн,
- 2019 онд 50, 20000-тын дэвсгэртүүдийн,
- 2020 онд 100, 500, 1000-тын дэвсгэртүүдийн,
- 2021 онд 10000-тын дэвсгэртийн,
- 2024 онд 5000-тын дэвсгэртийн хамгаалалтын элементийг шинэчлэн, сайжруулалт хийсэн.
Хамгийн том дэвсгэрт 20000-тын нүүрэн талд байгаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сайжруулсан хамгаалалтын элемент болох гурван хэмжээст хөдөлгөөнт 8 мм өргөнтэй ногоон өнгийн туузан элемент нь доллар дээрх хамгаалалтын туузан элементийн гурав дахь үеийн сайжруулсан загвар аж.
Ингэснээр Монгол Улс өөрийн хэв маягийг хамгаалалтын туузан дээр гаргасан анхны улс болжээ. Түүнчлэн бүх 11 мөнгөн дэвсгэрт нян вирусын бохирдол, мөөгөнцрөөс хамгаалсан бүрэлттэй болсон нь мөнгөн тэмдэгтийн дундаж насжилтыг 2 жилээр уртасгаад байна.
Манай орны хувьд хэдийгээр цахим төлбөр тооцоо маш эрчимтэйгээр хөгжиж байгаа боловч 2024 оны эцсийн байдлаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ мөнгөн дүнгээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буюу 70.5 тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тоо ширхэг өмнөх оноос 4.6 хувиар буюу 26.1 сая ширхгээр нэмэгдэж, 590.4 сая ширхэгт хүрсэн байна. Улс орны эдийн засаг томрохын хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байдаг.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний бүтцийг мөнгөн дүнгээр нь авч үзвэл өндөр нэрлэсэн дүнтэй дэвсгэртүүд дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.
Тодруулбал,
2024 онд 10000 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүд мөнгөн дүнгийн 89.5 хувийг, үүнээс 71 хувийг нь 20000-тын дэвсгэрт дангаараа бүрдүүлжээ.
Монголбанкнаас 2017 онд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян, 2020 онд “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аянуудыг өрнүүлж иргэдийн мөнгөн тэмдэгттэй харьцах соёлыг нэмэгдүүлэх, зохисгүй хэрэглээ буюу овоо тахил, зан үйлд ашиглах, газарт булах зэргийг бууруулах зорилготой олон ажлыг улс орон даяар өрнүүлж байжээ.