
“Огцрох амархан” жагсаалын зургаа дахь өдөр Өрөг.мн сайтын сурвалжлах баг Сүхбаатарын талбайд ажиллав. 17.00 цагаас эхэлсэн жагсаал 20.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд жагсаалд ирсэн залуус “Алдарт жагсагчид” гэсэн самбарыг байршуулж, жагсаалын зорилгыг өөр тийш нь чиглүүлэх зорилготой жагсаалд ирсээр буй гэх хүмүүсийн зургийг хаджээ. Жагсаалыг 2003-1993 оны залуус зохион байгуулж байна. Тэд Ерөнхий сайдыг огцруулахаар иргэдээс цахимаар болон цаасан дээр гарын үсэг зуруулж буй. Цахимаар 105 мянган хүн гарын үсэг зурсан ч 55 мянга орчим нь цахим шуудангаараа баталгаажуулаагүй байгаа аж.
Хуулиараа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх учиртай. Тэгэхээр 126 гишүүний 32 нь Ерөнхий сайдыг огцруулах жагсагчдын саналыг дэмжин ирж гарын үсэг зурвал УИХ-ын танхим руу залуусын шаардлага орно гэсэн үг. Одоогоор АН-ын Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Д.Ганбат, Ш.Бямбасүрэн, ХҮН намын Ж.Золжаргал гэсэн зургаан гишүүн төв талбайн жагсаалд ирж, гарын үсгээ зураад байна. Өнөөдрийн тухайд 14.00-20.00 цагийн хооронд мөн төв талбайд жагсаал долоо дахь өдрөө үргэлжлэх бөгөөд бусад нам, эвслийн төлөөл бүхий гишүүд очиж гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байна. Жагсаалыг зохион байгуулагч залуус УИХ-ын гишүүд рүү жагсаалын өргөтгөсөн шаардлагыг биетээр илгээж байгаа аж.
Жагсаал мөн дуутай болоод амжжээ. “Огцрох амархан” дууг төв талбайд өдөр бүр ирж дуулж буй Ч.Есөнхандтай та бүхнийг уулзуулж байна.
Тэрбээр “Намайг Чимэд-Очирын Есөнханд гэдэг. Төгөлдөр хуурч мэргэжилтэй. Хилийн цэрэгт хоёр жил, мөн хувийн сургуулиудад хөгжмийн багшаар ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарчихсан байгаа. Энэ хугацаанд залуусынхаа дуу хоолой болж тэмцье гэж бодсон. Дүү бид хоёр жагсаалд оролцож байх үеэрээ “дуу хийе” гэж ярилцаад ажил болгосон. Удахгүй цацагдана. Артист B Tamir хамтарна гэсэн. Бичлэг нь ирчихвэл өнөө, маргаашгүй л дуугаа цацна.
“Чи худал ярих бүртээ үнэнд өртэй болдог. Тийм болохоор битгий худлаа хэл. Битгий хулгай хий” гэж сайд, гишүүд, Ерөнхийлөгчид хэлмээр байна.
Одоогоор намайг нэг ч хүн улстөржлөө гэсэнгүй. Улстөржлөө гэж хэн нэгэн хүн хэлэх юм бол би угаас маш шударга, маш зөрүүд хүн. Хэнээр яаж амьдрахаа, яахаа заалгахгүй” гэв.
Өчигдрийн жагсаалд оролцсон иргэдийн байр суурийг та бүхэнд тоймлон хүргэе.
Иргэн:
Миний хувьд зургаан жил бизнес эрхэлж байна. Их сургуулиа төгсөөд Монголдоо очиж бут авъя гэж бодоод ирсэн. Бут авч ч байгаа. Гэхдээ нийт массын амьдрал буюу монгол хүний аж амьдрал маш ядуу байна. Зургаан жил бизнес эрхэлж байна гэсэн дээ. Гэвч саяхан бүх юмны төлбөр аймшигтай нэмэгдлээ. Энэ нь бизнес эрхлэх боломжийг хумьж байна. Бизнес эрхлэх боломж хумигдаж байна гэдэг нь залуучуудын боломж хумигдаж байна гэсэн үг. Зайлмааргүй байна. Эх орондоо аз жаргалтай амьдармаар байна. Тийм ч учраас жагсаалд нэгдэж байна. Эх орондоо баймаар байгаа ч залуусын сэтгэл зүрх мохож эхэлж байгаа. Эх орноо гэсэн эрдэм мэдлэгтэй, боловсролтой залуусын төлөөлөл энд ирсэн байна.
Залуусыгаа эх орондоо ирж хөдөлмөрлөөрэй гэж уриалах байна. Бас эх орондоо хөдөлмөрлөх боломжийг олгооч ээ гэж эрх баригчдад хэлэх байна.
Комедиан Д.Ганга:
Жагсаалд нэгдэж буй дөрөв дэх өдөр маань өнөөдөр. Бидний төлдөг татвар хэн нэгний тансаглалд яваад байгаа нь ямар учиртай юм бэ? гээд хариулт хүлээгээд л сууж байна. Бэрхээс ирсэн хүүхдүүдийн үгэнд итгэхэд бэрх байна шүү дээ. Ерөнхий сайдыг эсэргүүцээд ийм их залуучууд цуглаж байна. Саяхан их сургуулиа төгссөн залуус хүртэл ирчихсэн сууж байна. Ямар харанхуй дампуу нийгэм рүү орох гэж байгаа гэдгээ тэд мэдэж байна шүү дээ. Жагсаал хэрэв үр дүнд хүрэхгүй юм бол энэ залуусын эх орноо гэх итгэл, бахархал үүрд байхгүй болно гэдгийг төр барьж байгаа хүмүүс ухаараасай. Нэгэнт Монгол Улсын эдийн засгийг, энэ их хямралыг аварч чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөд, дараагийн карьераа бодсон нь дээр юм биш үү.
Нийтлэлч, уран зохиол судлаач У.Бямбаням:
Хамгийн эрүүл, хамгийн байгаа оносон жагсаал болж байх шиг байна. Өмнө нь ийм жагсаалд оролцож байгаагүй. Залуусын ярьж байгаа юм их цэгцтэй, бодит, тодорхой байна. Дэмжээд оролцож байна. Залуус ийм тайван, товч тодорхой шаардлага тавьж байхад гарч ирээд уулзах тийм ч хэцүү биш баймаар юм.
Комедиан М.Баяржаргал:
Жагсаал болж буй бүх өдөр ирж байна. Органик жагсаал гэдэг нь харагдаж байгаа байх. Бид нар амралтын өдөр амраагүй. Л.Оюу-Эрдэнэ бол хамгийн удаан Ерөнхий сайдаар ажиллаж буй хүн. Гэвч тэр хүнд ажиллах амаргүй байгаа юм шиг байна лээ. Хэрэв чадахгүй бол чаддаг нь хий гэдгийг шаардаж байгаа. Дээрээс нь ардчилал гэдэг юм байхгүй болоод бага багаар дарангуйлал руу бид шилжиж байна. Жагсаалаас үр дүн л хүлээж байна даа.
“The Voice Of Mongolia” шоуны ялагч Г.Даваадалай:
Би энэ жагсаалд ирье гэж ирээгүй. Номын баяр дээр ирчхээд цөөхөн хэдэн залуус газар суучихсан байхаар нь хэсэг сонсож, суусан. Тайван жагсах соёл гэдгийг шинэ үеийнхэн бүх хүмүүст сургалт маягаар орж байгаа нь гоё санагдсан учир ирж байгаа.