
Улс төрийн нөхцөл улам ширүүсч төрийн эрх баригч МАН-ын дарга нар удтал толхилцсоны эцэст алсдаа энэ улсад юу болох нь тодорхой болов.
Үүнийг өчигдөрхөн Төрийн ордонд өрнөсөн үйл явдал гэрчилж байна.
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан хаалттай болж, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, зарим үйл явдал, асуудлуудад улс төрийн шийдвэр гаргадаг.
Харин өчигдөр намын бүлгүүдийн хурал улс төрийн шийдвэрүүдийг гаргажээ.
Ялангуяа МАН-ын бүлгийн хуралд хүүгийнхээ тансаглалаас болж орлогоо нотлоход хүрч, огцрохыг шаардсан жагсагчдын шаардлагатай нүүр тулаад буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ уг хуралдаанд оролцсон.
Үүнээс өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн далга Л.Мөнхбаатар, Шадар сайд С.Амарсайхан нар Ерөнхий сайдын өрөөнд уулалт хийсэн юм. Уулзалтаар үүсээд буй цаг үеийн асуудлаар буюу Ерөнхий сайдын хүүтэй холбоотой нийгэмд бий болоод буй бухимдал, жагсаал цуглаантай холбоотой асуудлыг ярилцсан гэх.
Үүний дараа бүлгийнхээ хуралдаанд оролцохдоо Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН болон ХҮН намын сайд нарыг гаргах саналаа танилцуулсан байна.
Тэрээр уг саналдаа, МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлыг хуралдуулж, Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлж, өөрийн хүүтэйгээ холбоотой асуудалд баримт нотолгоогоо хэлээд шалгуулна гэх байр суурийг илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл, Хамтарсан Засгийн газраас ХҮН болон АН-ыг гаргах шийдвэрийг МАН-ын шат шатны байгууллагаар гаргуулж, 100 хувь МАН-аас бүрдсэн Засгийн газрыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин МАН-ын бүлгийн гишүүд түүний саналыг эсэргүүцсэн бөгөөд хүүгийнхээ болон хувийн асуудлаа намын асуудлын хэмжээнд хүргэн, парламентад нэр заах нь улс төрийн хувьд боломжгүй зүйл тул ёс суртахууны хариуцлага хүлээх асуудлыг хэлж, дотооддоо зөрчилджээ.
Тэрээр саналаа танилцуулж, бүлгийн хуралдаанд оролцсоныхоо дараа гарч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан байна. Уг уулзалт улс төрийн нөхцөл байдалд шийдэл болж, цэг тавих болов уу гэсэн хүлээлт байсан ч талуудын эсрэг тэсрэг мэдээлэл сэвэх нь тохиролцож, шийдэл хүрээгүй, цаг хожих л гэсэн арга хэрэглэж байгааг харууллаа.
Тэдний уулзалтын дараа Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг “өөрөө ажлаа өг” гэж шахсан тухай Ерөнхийлөгчийн талын эх сурвалжууд хэлж байгаа бол “Хамтарсан Засгийн газрын бүтцээ хадгалж үлдэнэ” гэсэн өнцгийг Ерөнхий сайдынханы зүгээс шидэж эхэлсэн юм.
Эцэстээ Төрийн ордон өдөржин Засгийн газрын тэргүүний асуудлуудаар бужигнаж өнгөрсөн ч лхагва гарагт 15:00 цагаас МАН бага хурлаа хуралдуулахаар болж, өчигдөртөө ингэсгээд улс төрийг түр намжаалаа.
Харин Төв талбайд 17:00 цагаас нам жимхэн “Огцрох амархан” жагсаалынхан үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд 20:00 цагийн үед тарцгаасан юм.
Улс төр харин шинэ өдрийг хүлээж байна…