
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2021 оны 1-р сарын 27-нд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд одоог хүртэл уг албан тушаалд ажиллаж байна. Тэрбээр 23 дугаар тогтоолоор баталсан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдөр таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд цар тахал, ОХУ, Украины дайн зэрэг олон улсын нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч “2021-2025 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь 67 хувийн биелэлттэй байна” гэсэн.
Гэхдээ Ардчилсан Монголын төрийн түүхэндээ хамгийн удаан, тогтвортой Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Түүнийг засаг толгойлсон энэ урт хугацаанд Монгол Улс, монголчуудын амьдрал ахуй хэр сайжирч, дээшлэн дэвжив гээд асуувал тийм ггээд сайн хэлэх хүн цөөн байна.
ИНФЛЯЦ БУУРСАН Ч АМЬДРАЛ ХҮНДЭРСЭЭР, ИРГЭДИЙН ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР ХААНА ВЭ!
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хөдөлмөр, орлогын өсөлт” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч, иргэдийн өдөр тутмын амьдрал дээрх бодит мэдрэмж өөр байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр:
2020 онд инфляцийн үнэ 3.7% байсан бол 2024 онд 6.8% болж өссөн
Хэдийгээр инфляцын түвшин албан ёсны тоон дээр буурч байгаа ч үнэ өсөлтийн үр дүн өнөөдөр ч хадгалагдсаар байна. Иргэдийн худалдан авах чадвар суларч, цалин нэмэгдсэн ч бодит орлого өсөхгүй байгаа нь амьдралыг улам хүнд болгож байна.
Амьдралын зардал нэмэгдсэн ч цалин зогсонги
2021-2024 оны хооронд:
Талхны үнэ: 1200₮ – 2200₮
Сүү, мах, өндөгний үнэ 30 -70% өссөн
Байрны түрээс, шатахуун, нийтийн тээврийн зардал өсөлттэй хэвээр
Дундаж цалин: 2020 онд 1.2 сая ₮ байсан бол 2024 онд 1.5 сая ₮ орчим болж нэмэгдсэн ч үнийн өсөлтөөс холоо хоцорчихоод байна. Өөрөөр хэлбэл, цалин 25%-иар нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50–100%-иар өссөн. Энэ нь бодит орлого буурч байгааг харуулж байна.
Иргэн н.Тунгалаг: “Мөнгөө л бодохоос амьдрал мэдрэгдэхгүй байна”
Одоогоор гэртээ хүүхдээ хараад суудаг. Цалинтай ээжийн мөнгө амьдралд хаанаа ч хүрэхгүй. Юмны үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь илт мэдэгдэж байгаа. Засгийн газар хийсэн зүйл бий л гэж байгаа, гэхдээ жирийн иргэд бидэнд мэдрэгдэж байгаа нь тун бага. Амьдрал дээр сайжирсан гэхэд хэцүү.
Засгийн газрын хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого, НӨАТ-ын буцаан олголт, тэтгэвэр нэмэгдүүлэлт, хүүхдийн мөнгө бүх хүүхдэд олгох шийдвэр, цалин нэмэгдүүлэх, зээлийн хүү бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл” Гэвч эдгээр бодлогын хэрэгжилт болон үр дүн бодит амьдралд хангалттай тусахгүй байгаа нь олон нийтийн дунд бухимдал үүсгэж байна.
“Инфляцын өсөлт бол дотоодын бүтээмж багатай, хэт импортоос хамааралтай эдийн засгийн үр дагавар. Цалин нэмсэн ч хэрэглээний үнэ ханш үүнээс давсан тоогоор өсвөл бодит хэрэглээ хумигддаг.”
Бид юу хийх хэрэгтэй вэ?
- Цалингийн өсөлтийг инфляцын түвшинтэй уялдуулан бодитой тооцох
- Импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих
- Үнийн хяналтын тогтолцоог ил тод, шударгаар хэрэгжүүлэх юм.
“Инфляц бол чимээгүй ядуурал” хэмээн дэлхийн эдийн засагчид анхааруулдаг. Монголд энэ “чимээгүй” ядуурал өдөр бүр чанга хашхирч, иргэдийн тэвчээрийн хязгаарт ойртсоор байна.
Иргэд үнэ буурахыг, амьдрал тэгширэхийг хүлээж байгаа биш, бодит ахиц мэдрэхийг хүсэж байна. Төрийн бодлого зөв байхад, түмний амьдрал зөв замдаа ордог гэдгийг эрх баригчид марталгүй санах цаг иржээ.