
Баасан гарагийн /2025.05.16/ УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан согтуу байсан уу. Үдээс өмнө чуулганы хуралдаан дээр цагаан цамц зангиатай даргалсан тэрбээр үдээс хойших чуулган хуралдаан дуусах үеэр танхимд орж ирэв. Хуулиараа УИХ-ын даргын түр эзгүйд УИХ-ын дэд дарга үүргийг нь хэрэгжүүлдэг. Ийнхүү түүнийг эзгүй хоёр цагийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа даргалсан ба УИХ-ын дарга гаднаас чуулганы хуралдаан дуусахын өмнө орж ирсэн юм. Тэрбээр гаднаас орж ирээд чуулганы танхимын хойморт суун ажлаа хийсэн бөгөөд түүний биеийн хэлэмж, үг яриа нь ердийн үеийнхээс нь өөрөөр, тодруулан хэлбэл, согтуу байгаа юм уу гэмээр харагдав.
Уг нь бол хуулиараа бол Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, согтууруулах ундаа хэрэглэх нь хориотой. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг зөрчиж, Төрийн ордон түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтэрсэн, эсхүл хууль зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Нэг нэгж 1000 төгрөг гэхээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэрэв төрийн ордонд архи уусан, согтууруулах ундаа хэрэглэчхээд төрийн ордонд нэвтэрсэн бол 100 мянган төгрөгөөр торгуулах нь. Гэхдээ түүнийг яг согтуу байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг нь хэн нотлох вэ гэдэг нь асуудал. Гишүүдийг ордон руу орж, гарахад нь үлээлгэдэг үү?
Бид дээрх асуултыг Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Өлзийбаатараас тодруулахад: Төрийн ордон руу согтууруулах ундаа хэрэглэсэн бол хэн ч орох боломжгүй. Гаднаас хараад л мэднэ гэх агуулга бүхий тайлбарыг өглөө.
Товчхондоо бол УИХ-ын гишүүдийг Төрийн ордон руу орж, гарахад нь согтуурлын зэргийг нь шалгадаггүй аж.
Ер нь бол үе, үеийн парламентад чуулганы танхим, байнгын хорооны хуралдаа согтуу оролцсон хэд хэдэн жишээ байдаг. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Ганибал, Э.Бат-Амгалан тэргүүтэй гишүүд чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр согтуу орж ирсэн, согтуу үг хэлж буй дүрс бичлэгүүд тухайн үедээ цацагдаж байв. Зарим нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр “Би ханиадтай байгаа. Найтаах үед авсан зургийг согтуу байсан гэж тайлбарлаад байх шиг байна” гэж тайлбар өгч байсан удаатай.