
Үр хүүхдийнхээ үрж тансаглаж байгаа хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг нотлохын оронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэс хөндлөн юм ярьж, тас хөлдүү тайлбар хийсээр цаг хожиж байна.
Жишээ нь, орлогоо нотол гээд байхад “баялгаа авцгаая” гэж балайрах. Олигархуудад очсон баялгийг олон түмэндээ өгөх гэтэл огцруулж унагах гээд байна гэж уйлагнах. Байтлаа бүр Баялгийн санг бамбай болгож чамбай нуугддаг боллоо.
Тэгж ярьвал тэр хууль, энэ сан чинь ганц Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний өмч ч биш, гавьяа ч биш. Гагц ард түмний хүсэл зориг бөгөөд Үндсэн хуулийн зарчим юм.
Цаг хугацаагаар нь задлаад харвал одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын одоо ба ирээдүй үеийн иргэн бүр байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртэх эрх зүйн зохицуулалт цэгцэрсэн.
Ингэхдээ “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тодорхой тусгаж өгсөн. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ч, намын дарга ч болоогүй байв.
Тэгэхээр үүнийг тухайн үеийн парламентын түүхэн гавьяа гэж үзнэ үү гэхээс түүнд /Л.О-д/ хамаатуулах боломжгүй.
Бүр тодруулбал, 2019 оны өөрчлөлтийг бодит ажил хэрэг болгохын тулд 2022 онд УИХ-аас тогтоол гаргаж, 2023 онд Зөвлөлдөх санал асуулга явуулсан зэрэг нь 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдах үндэс болсон байдаг.
Нийгэмд ихээхэн үл ойлголцол, маргаан мэтгээн дагуулсан эдгээр нарийн төвөгтэй ажлыг тухайн үеийн спикер Г.Занданшатар л үүрч авч гарсныг хүмүүс санаж буй биз.
Үндсэндээ гурван парламентын бүрэн эрхийн хугацаа дамнан яригдаж байж шийдэгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин гурван жилийн турш иргэд, эрдэмтэн судлаач, нам, олон нийтийн байгууллагын саналыг авч, зөвлөлдөж, хэлэлцэж байж хэрэгжүүлэх боломжтой болсон байдаг.
Өөрөөр хэлбэл, иргэн бүр байгалийн баялгаасаа тэгш, шударгаар хүртэх хуулийн орчин бүрдэх цаг хугацааны явцад л Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Ерөнхий сайд болж таарсан болохоос түүний өөрийнх нь санаачилга, манлайллын үр дүнд энэ асуудал шийдэгдсэн гэвэл том эндүүрэл болно.
Шинэ парламент бүрдсэнээс хойш олонх болсон намын дарга, засгийн тэргүүн таг чимээгүй сууж байхад өнөө муу нэртэй, луу данстай, поп хочтой “босоо” Ганбаа, “женко” Баттулга, “шүүрт” Баясаа нар л “Баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлье” гээд Монгол даяар тойроод, иргэн бүрийнхээ үгийг сонсоод яваа харагдсан.
Харин МАН үнэмлэхүй засагласан сүүлийн 10 орчим жилд улсын хөгжил хамгийн их гацлаа.
Цар тахал далимдуулж ямар ч хяналтгүй хэдэн арван их наядыг цацлаа.
Мега төслүүд нэрээр төсвөөс гадуурх зардлыг замбараагүй тэлж, цаасан дээр хот байгуулж, захирагч томилж, эрх мэдлээр эх адаггүй тоглож байгаа нь намын даргын зарчим биш.
Стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлүүдтэй ажил хэрэгч яриа хэлцэл хийхийн оронд ардын дайсан болгож, араа шүдийг нь хурцалж, шидэж өгч байгаа нь Ерөнхий сайдын зангараг биш.
Иргэддээ нүүрсний ганц компаниас эзэмшүүлсэн хувьцаагаар шүлс шиг жаахан юм амсуулж, аргацаасаар өнөөдрийг хүрсэн нь худлаа биш.
Хүүгийнх нь хүүдэгнэж байгаа эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр өч төчнөөн ЖДҮ-ийг өөд татаж, босгож болохоор байгаа нь ч нууц биш.
Тийм ч учраас иргэд, тэр дундаа залуу үе жигшиж бухимдаж, жагсаж цуглаад байгаа юм. Гэтэл мань эр ял гавьяагаа ялгахгүй ялархаж гомдоллоод ялаархаж дэвхцээд сүйд.
“Ард түмнээ баялгийн эзэн болгох гэтэл ард нь байгаа компани, бүлэглүүд хор гүйлгээд байна” гэсэн хоосон үлгэр зохиосоор сууна. “Ачит ихт” гэж айлгасаар, “Ухаа худаг” гэж уйлуулсаар, “Төгрөг нуур” гэж төөрүүлсээр, Элбэгдорж, “Эм Си Эс” гэж элдэвлэсээр хангалттай цаг авлаа.
Яг үнэндээ стратегийн орд эзэмшигч компаниуд яриа хэлцлээс зугтсан бултсан зүйлгүй л юм билээ. Яаж ойлголцох вэ гэдгээ ярилцаад шийдээд явж байгаа.
БЭТ Ж.Батзандан хүртэл эрх мэдлийн цочроо нь гараад “Хулгайч нартай тэмцэж байна” гэж хий орилохоо болиод “Компаниудтай ойлголцож чадлаа” гэж хийсэн ажлаа онцолдог болчхоод байгаа шүү дээ.
Ийм атал эрхэм Ерөнхий сайд одоо баялгийн төлөөх тэмцэл, балиар том бүлэглэл гэсэн хоосон айдас ярьж, ард түмнээ хуурахаа больсон нь дээр.
Үүний оронд үр хүүхдийнхээ үрж тансаглаж байгаа үлэмж хэмжээний мөнгөний үүсэл гарал үндэс сурвалжийг тайлбарла.
Эс чадвал ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээ. Хэдий болтол хэн нь тодорхойгүй бүлэглэл ярьж, баялгийн сан нэртэй багны цаана нуугдах вэ? Олон монголчууд нэгэнт ойлгож ухаарсан болохоор Оюун-Эрдэнэтэй Оюун-Эрдэнэгүй баялгаа зөв ашиглаад, зарчмаа оновчтой тохироод, хувиа хангалттай хүртээд, төрөө эмхлээд амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Энэ хүн огцорлоо гээд эх орон элгээрээ хэвтэнэ, ард түмэн алдаж асгана, хохирч хоосорно гэвэл ёстой худлаа шүү.