
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэн, нисдэг тэргээр зугаалж, үнэтэй брэндийн бэлгээр эрхүүлсэн талаар түүний найз бүсгүй өөрийн цахим хуудастаа нийтэлснээр Ерөнхий сайд болон түүний хүүгээс орлогоо нотлохыг шаардсан иргэд, олон нийт Төв талбайд жагсах хүртлээ үзэл бодлоо илэрхийлж байна. Сүүлийн 7 хоног бүхэлдээ цахим орчин, иргэдийн ярианы гол сэдэв ч энэ байлаа. Ард иргэд Ерөнхий сайд, түүний хүүг орлогоо нотол хэмээн АТГ-т ш гомдол гаргаад, шалгах ажил эхэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч Ерөнхий сайдаас уг асуудалд тайлбар авахыг хүссэн ч тэрээр төрийн хамгаалалтаа ашиглан нэг ч хэвлэлийн өмнө мэдээлэл, тайлбар өгөөгүй ч бямба гарагт \2025.05.17\ Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэрээ тайлбар хийсэн юм.
Тэрээр тайлбартаа,
“Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд энэ мэдээлэл хөвөрсөн. Энэ тухай мэдээллүүдийг би авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь ар гэртэй хараахан танилцаж амжаагүй явж байна. Хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна.
Би хүүдээ “олон нийтийн тавьж буй шаардлага зөв зүйтэй зүйл юм. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой, орлогоо нотлох ёстой. Манай хүү ямар нэгэн байдлаар сүй тавих гэж байгаа надад мөнгө хэрэгтэй байна гэдэг зүйл яриагүй. Завгүй явсан сул талтай холбоотой байсныг үгүйсгэхгүй.
Л.Оюун-Эрдэнэ: “Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой”
Анх удаа миний том хүүгийн мэдээлэл олон нийтэд ил болж байна. Байнга янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд өртөв гэж байнга үглээд байдаг байсан нь буруу байсан юм шиг байна. Хүмүүст танигдаад нийгэмд танигдаад явах нь зөв байсан байж магадгүй. Багаасаа аялалд дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой мөн студи эрхлэх хүсэлтэй байсан учир Херотой хамтарч ажилладаг. Миний ХОМ дээр солигдоогүй хоёр компани байдгийн нэг нь энэ. Нөгөө нь Хүлэг контент.
Олон нийтэд бие хүнийхээ зүгээс мэдээллээ өгөх нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ аммьдрах, хувь хүнийх нь орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй байна. Нэг л зүйлийг хэлсэн нь “орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл, нийтийн зүгээс шаардаж буй нь ч зөв” гэсэн. Олон нийтийн шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байгаа. Олон нийтийг талцуулах ийм асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйж байна” гэлээ.
Ганц сүйн бөгж биш шүү дээ. Бусад “цүнх, мөнгө” зэрэг зүйлс олон нийтэд ил болсон. Эдгээрийг авсан орлогоо мөн нотолно гэсэн үг үү гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд дараах тайлбарыг өглөө.
“Миний хүү надад хэлсэн. Сүйн бөгж бол авч өгсөн. Бусад нь надтай хамааралгүй гэж хэлсэн. Би хүүдээ итгэж байна. Хуулийн байгууллагууд шалгана биз. Бүгд тодорхой болох байх.
Эрдэнэт, Таван толгой, Хөгжлийн банк, Авлигын эсрэг хууль гээд олон төслүүд бий. Энэ том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Энэ ойлгомжтой. Хувь хүнийхээ хувьд олон хүнийг гомдоож, эрх ашгийг нь зөрчсөн асуудлууд байна. Үүнийг бүрэн ухамсарлаж ойлгож байна. Ийм учраас бүх зүйлсэд туйлын болгоомжтой хандахаас өөр сонголт надад байхгүй.
Ямарваа нэгэн байдлаар асуудал гарах юм бол өнөөдрийн асуудал шиг томорно. Намайг янз бүрээр л хэлдэг. Данх, жижүүр гээд л. Одоо гэр бүл рүү орж байгаа асуудал үүслээ. Манай хүүхэд болон гэр бүлийн гишүүд ойлголт авсан байх, илүү болгоомжтой байх.
Надтай холбоотой хууль бус, орлогоо нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсээд, нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн
Иймээс олон нийтэд хандаад нэг зүйл уриалахад Гашуунсухайт Ганцмод боомттой холбоотой бүтээн байгуулалт урагшлахад нэг ч хүн анзааралгүй өнгөрлөө. Сая ярьсан асуудал дээр л төвлөрлөө. Ийм байдлаар төслүүд гацдаг, эрх ашгуудын эрэмбэ гацдаг.
Надтай холбоотой хууль бус, орлогоо нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий.
Энэ ялаануудад хандаж хэлэхэд, Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Асуудалтай холбоотой байгаа асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна” гэлээ.