
Өнгө өнгийн баримлын шавраар хүн, байгаль, ургамал амьтан, цэцэг навч бүхнийг өөрөө хийж сураад, одоо хүссэн хүүхэд бүрт, үнэ төлбөргүй зааж байгаа Т.Энхжин охинтой ярилцлаа.
Тэрээр “Бяцхан бүтээлч” 3D баримлын шавраар бүтээл урлах сургалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит номын сантай хамтран зохион байгуулж буй сургалтаа үнэ төлбөргүй явуулдаг аж.
Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Сайн байцгаана уу.
Намайг Төмөрбатын Энхжин гэдэг. 16 настай.
31дүгээр сургуулийн 11в ангид суралцдаг.
3D Баримлын шавраар хэрхэн бүтээл хийж сурсан бэ?
Манай дүү хөгжмийн сургалтанд сурдаг.
Хөгжим заадаг багш нь баримлын шавраар юм хийдэг юм.
Анх багшийн хийсэн бүтээлүүдийг хараад, хийж үзмээр санагдаад, тэр үеэс хойш хий эхэлсэн.
Хамгийн анх жижигхэн цох хийж байсан.
Цох нь бүх хэлбэр дүрсийг агуулсан байдаг. Бөөрөнхий, дусал гэх мэт. Тэрнээс хойш улам гүнзгий хийж суралцаад хүн хийж эхэлсэн.
2023 онд хийсэн хүний дүрстэй бүтээлээ фэйсбүүктээ оруулсан. Тэрийг хүмүүс хараа ганц нэг захиалга өгье гэхээр нь хийж өгсөн.
Одоо бүр ч их захиалга өгдөг болсон. Төрсөн өдөр, Мартын 8, Цэргийн баяр зэрэг байруудаар хүмүүс захиалга өгдөг. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт олныхоо зургийг илгээж хөрөг баримал хийлгэдэг.
Захиалгаар хийж байгаа бүтээлээ хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
Захиалга өгч байгаа хүн маань хэр хэмжээгээр хийлгэхээс шалтгаалаад өөр байдаг. Нийтлэг энэ хэмжээгээр хийлгэхэд 20 мянган төгрөгөөр захиалгаа авдаг.
Сурсан чадвараа хүүхдүүдэд зааж байгаа юм байна. Сургалтанд нь ирсэн хүүхдүүд хэр сонирхож байна вэ?
Манай сургалтанд бүртгүүлсэн хүүхдүүд ирээд баримлын шавраа задлаад хэрхэн хэобэрт оруулахыг зааж эхлэхээс л их сонирхолтой байдаг.
Д.Нацагдоржийн номын санд сургалтынхаа зарыг тавьчихсан. Энэ сургалтаараа хүүхдүүд гар утас оролдож хамаг цагаа дэмий үрж, нүд, толгой, хүзүү нуруу нь хүртэл өвчтэй болж байгаа учраас энэ буруу зуршлаас нь салгах нэг арга 3D баримлын шавраар юм хийх юм байна гэж би бодсон.
Ирсэн хүүхдүүд маш сонирхолтой оролцдог. Гар, хурууны жижиг сажиг ажил ихтэй болохоор хэт их хийвэл хүүхдүүд залхаж эхэлдэг.
Тиймээс бага багаар нь хийлгээд цааш гүнзгийрүүлэх байдлаар хүүхдүүдэд заадаг.
Тийм ээ. Бүтэнсайн өдөр болгон номын санд хүүхдүүдтэй суугаад жижигхэн амьтан, навц, цэцэг зэрэг бүтээлүүд хийж байгаа.
Үүнийг сурахад хэр их хугацаа ордог вэ?
Хэр их сууж байгаагаас шалтгаална.
Би нэлээн удаан сууж хийж байж гарт орсон.
Баримлын шавраа бариад юм хийж суухад чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
Би өөрөө энийгээ хийхдээ их дуртай. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор тайван, маш их жаргалтай болчихдог. Жижиг деталиуд нь хүртэл цаг их үрдэг.
Гэхдээ хийсэн зүйл маань гоё болж чадвал яг бодит юм шиг харагддаг. Тухайн хийж байгаа бүтээлийнхээ нүдийг нь гоё гаргахыг хүсдэг. Учир нь нүд их зүйлийг илэрхийлдэг.
Нэг хүний загварыг хийхэд хэр их хугацаа ордог вэ?
Нэг хүнийг хийхэд 3-4 цаг ордог.
Яг барьж суугаад, төвлөрөөд хийгээд эхлэхээр байгаа орчин, ямар ч асудулуудаас өөрийгөө тусгаарлаад цаг хугацаа ч хэрхэн өнгөрч байгааг анзаарахгүй суусан байдаг.
Энэ надад төвлөрч сууж сурах, тайвширах мэдрэмж зэргийг зааж өгсөн дөө.
Би одоо керамик, хөгжмийн сургалтанд явж байгаа. Энэ чиглэлээрээ мэргэжлийн багш нараас суралцаад олон шинэ зүйлсийг сурч, өөртөө нээж байгаа.
Гэр бүлд нь гарурлал, зураг гэх мэт чиглэлийн хүн байгаа юу?
Байхгүй ээ. Гэхдээ манай аав гарын их ур дүйтэй хүн.
Магадгүй би аавыгаа дуурайгаад гараар юм хийх дуртай болсон юм бол уу гэж боддог.
Ярилцсанд баярлалаа. Хичээл сургууль, сургалтанд нь амжилт хүсье.
Намайг сонгож ярилцсан Өрөг.мн-ын ах эгч нартаа баярлалаа.
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн https://www.facebook.com/UBPublicLibrary пэйж рүү ороод үзвэр миний хийсэн бүтээлүүд, хүүхдүүдтэй хамт хийж байгаа зураг, сургалтын талаарх мэдээллүүд нээлттэй байгаа.
3D баримлын шавраар бүтээл хийж сурахыг хүссэн хүүхэд бүр манай сургалтанд үнэ төлбөргүй бүртгүүлээд хамрагдах боломжтой.