
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх мөч ойртож байна. Энэ сарын 6-наас 16-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээний найм
дахь өрөгт адилхан амжилттай яваа Монгол Улсын шатарчин Б.Мөнгөнзул, Энэтхэгийн эмэгтэй Их мастер
Срижа Сешадритай оноолт таарсан. Тус хоёр шатарчин өмнөх долоон өрөгт адилхан 5 хожил, 2 тэнцээгээр тэмцээнийг тэргүүлж байлаа.
Цагаанаар нүүсэн Б.Мөнгөнзул 81 дэх нүүдэлд өрсөлдөгчөө буулгаж авснаар тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ганцаараа өнгөлж эхлэв.
Сүүлийн өрөгт манай улсын шатарчин Энэтхэгийн Олон улсын мастер Агравал Вантикатай оноолт таарсан юм.
Б.Мөнгөнзул өрсөлдөгчтэйгээ тэнцэхэд л Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авна.
Энэ удаагийн Азийн АШТ-ий үндсэн төрөлд Монголын эрэгтэй 4, эмэгтэй 12 тамирчин оюун ухаанаа сорьж байгаа.
Эрэгтэй шатарчдаас Г.Амартүвшин 5 оноотой 30 дугаар байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдээс Олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.5 оноогоор 10 дугаар байрт явж байна.
Б.Мөнгөнзулын хувьд 2022 онд 17 настайдаа түүхэндээ анх удаа шатрын олимпоос хувийн дүнгээр ийн алтан медалийг эх орондоо авчирч байсан билээ.