
Өнгөрсөн мягмар гарагт Нью Йоркийн Манхэттен дүүргийн шүүхэд реппер Дидди буюу Шон Комбсын хэргийг шүүх хурал эхэлсэн байна.
55 настай Шон Комбсыг айлган сүрдүүлэх зорилгоор үгсэн хуйвалдсан, бэлгийн мөлжлөг үйлдэх, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Гэм буруутай нь тогтоогдвол Диддид 15 жилийн хорих ялаас гадна бүх насаар хорих ял оноож болзошгүй юм.
Шүүхийн эхний өдөр гэрчээр дуудагдсан хоёр тайчигч залуугийн нэг нь 2012 ба 2013 онуудад Диддигийн экс найз бүсгүй Касандра Вентуратай хэд хэдэн удаа дотно харилцаанд орж байсан тухайгаа мөн уг харилцааг Дидди өөрөө санаачилж, тайчигч залууд мөнгө төлснөөр барахгүй найз охинтой нь бэлгийн харилцаанд орох үед нь хажууд нь байлцдаг байсан тухай мэдүүлжээ.
Дэниел Филлип хэмээн өөрийгөө танилцуулсан хоёр дахь гэрч залуу Нью Йоркийн нэгэн зочид буудалд Дидди найз охин Касандра Вентура руу архины шил шидэж, үснээс нь чирэн өөр өрөө рүү оруулсан тухай ярьсан байна. Түүний хэлснээр нөгөө өрөөнөөс Диддигийн орилж байгаа нь мөн хүн алгадаж байгаа чимээ гарч байсан аж.
Прокурорууд Дидди эмэгтэйчүүдийг худал ярьж уруу татсаныхаа дараа мансууруулах бодис, хар тамхины нөлөөнд оруулж, секс үдэшлэгүүдэд хүчээр оролцуулж, болсон явдлыг бүгдийг нь камерт бичдэг байсан, мөн тэдгээр үдэшлэгүүдэд нь оролцохгүй гэсэн эсвэл өөрийнх нь дургүйг хүргэсэн охид бүсгүйчүүдэд хэрцгийгээр халддаг байсан хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлгээс өмнө тангарагтны шүүхэд 2016 онд Дидди тухайн үед найз бүсгүй нь байсан Касандра Вентурад Лос Анжелес хотын нэгэн зочид буудлын коридорт балмадаар халдаж буй хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн байна
Эх сурваллж:https://www.reuters.com/
https://variety.com