
Монголын Улсын Ерөнхий сайдын чих ойрын хэдэн өдөр овоо халууцах шиг боллоо. 20 гарч яваа том хүү О.Тэмүүлэн нь найз бүсгүйдээ дэлхийн тансаг брэндийн бэлэг сэлт бэлэглэж, өнөөх нь ч бэлэг дунд умбаж буйгаа цахим орчиндоо хуваалцсанаар энэ бүхэн эхлэв. 3500 ам.доллар буюу 12 сая төгрөгийн үнэтэй цүнх өөр юу, юу ч байв таминь.
2023 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 244 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан Ерөнхий сайд маань өөрийнхөө мөнгөөр бэр болох бүсгүйгээ “эрхлүүлж” байна уу эсвээс ажил хийдэг, сурдаг нь ч тодорхойгүй том хүү нь ББСБ-аас зээл аваад найз охиноо “эрхлүүлээд” яваа юм уу, ёстой бүү мэд. Найз охиных нь аав гарч ирж, охиндоо үнэтэй машин, цүнх, хувцас зэргийг өөрийн орлогоор авч өгдөг тухайгаа мэдэгдээд буй. Гэсэн ч Ерөнхий сайд, Ерөнхий сайдын хүү аг чиг. Олон нийт Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн эхнэрээ “эрхлүүлж” буй мөнгө татвар төлөгчдийнх биш бол орлогоо нотлохыг олон нийт шаардсаар л…
Бид О.Тэмүүлэнтэй үе чацуутнуудаас найз охиндоо олон саяар тоологдох бэлэг авч өгөх боломжтой юу, үнэхээр танай үеийнхэн хайртай хүндээ юу хүссэнийг нь авч өгч чадах бэл бэлчинтэй болчихсон юм уу гэдгийг тодрууллаа.
Ингэхэд тэд “Найз охиндоо апп-аас зээл авч, нэг бол ажил хийж олсон мөнгөөрөө бэлэг авч өгдөг” тухайгаа ярьж байв.
Эрчүүдээс найз охиндоо өгч байсан хамгийн том бэлгийг нь асуухад “Цэцэг, шоколад, зүүлт, бөгж” гэсэн бол охид найз залуугаасаа “Цэцэг, гар утас” авч байсан тухайгаа ярьж байв.