
“Би ээж-1”
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2024 оны есдүгээр сар олон хүүхэдтэй нэгэн ээж өөрт олдох өчүүхэн гэмээр үнэтэй цагтаа өөрийгөө зэвэрчихээгүй байгаа хэмээн нийтлэл бичиж сууна…
Хорьж болдоггүй хорьхон насандаа ээж болсон би бээр хорин нэгхэн хоногтой үрээ “дадлагатай” гээд ээж, аав, төрөөд удаагүй эгчдээ үлдээгээд явчихдаг хэнэггүй ээж байлаа.
Сар ч хүрээгүй нялх амьтанаа орхиод өдөржин сонинд дадлага хийж байсан би одоо бодоход тэнэг зоригтой байжээ. Оюутан ахуй насандаа төрөөд авах чинь том боломж гэж хардаг. Хичээл сургуулийг зохицуулаад л болдог.
Тэнэг зоригтой намайг тэнгэр тэтгэсэн нь тэр үү, төрсөн эгч минь бас төрөөд удаагүй учир хүүг минь давхар хөхүүлчихдэг сүү сайтай нэгэн байлаа. Би ч азтайг хэлэх үү хүүгээ ид хөдөлгөөнд орох үед нь хичээл амарлаа, намар болтол овоо ч хөөрхөн торниод авлаа шүү.
Зун харин эгч минь хүүхэд нь ой хүрсэн учир ажилдаа орлоо гээд би чинь бас хоёр нялх хүүхэд харах ажилтай болов. Гэхдээ эгчийн минь охин соск хөхчихдөг учраас миний сүүг хаад нэг иднэ. Хамгийн азтай нь миний залуу л байлаа. Намар ч боллоо хүү минь ч бор хоолонд оров.
Би дахиад л дадлага ажилтай гээд телевизид дадлагажив. Бас л ширүүн ээж гэдэг тодорхойлолтыг өөртөө өгнө. Яагаад гэхээр хоолонд орчихсон юм чинь, эгч байгаа хойно гээд өглөө орхиод л орой ирнэ.
Гэсэн ч миний хүү эрүүл чийрэг өсөж торнисон. Арван нэгэн сартайдаа хөлд орж, ой таван сартайдаа хэлд орсон хэлэмгий, сэргэлэн хүүхэд. Ой зургаан сартай скүүтерийг маш сайн унаж сурсан нь өөрийг нь маш сайн хөгжүүлсэн гэж боддог.
Түүгээр ч барахгүй гурван нас хүрээд өөрөө хөхнөөс гарч, одоо есөн настай том ах болжээ. Үеийн найзуудаасаа хамаагүй том биетэйд нь ихэд баярладаг шүү.
Миний туршлагаас зөвлөхөд ээжүүд минь хүүхдээ битгий хөд оруулагчид суулгаарай. Өөрөө алхах мэдрэмж нь алга болоод бие нь түрүүлээд байдаг шүү. Мэдээж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл хөлд оруулагчийг хэрэглэхийг хориглосон байдаг шүү. Харин миний туршлага гэвэл ердөө манежин хашаа.
Хүүхдүүд минь модон хашлагад хүн болсон гэхэд хилсдэхгүй. Би завгүй үедээ ч завтай үедээ ч тэдэнтэйгээ хамт хашлагад байсаар ирсэн. Яагаад гэж үү. Хоол хийх зуур, дэлгүүр гарах хооронд хонгорхон үр минь тэр хашаандаа аюулгүй унтаж тоглож болдог. Шөнө унтаж байхдаа хүүхдээ унагаачих вий дээ гэж айхгүй.
Хараагүй байхад юм мөргөөд уначих вий дээ гэхгүй ихэд амар. Мэдээж доргионы гудастай учир унасан ч бэртэж гэмтэх аюул байхгүй. Мөн хамгийн том зүйл нь өөрөө хашаагаа түшиж босож, алхаж явсаар ой хүрээгүй байхдаа сурамгай гэгч нь алхаж сурсан юм.
Мөн хүүгээ гурван настайд хөхнөөс гарсныг дурдсан билээ. Хүн бүр яаж дээ шүд нь цоорно шдээ гэлцдэг. Манай хүүхдүүдийн хувьд тийм асуудал байсангүй. Харин миний хувьд өөрөөр боддог.
Зарим ээжүүдийн сүү нь тэжээллэг тослог байгаад цоорсон байж болох ч бүгд тийм бус. Би хүүхдээ ой гартал нь ундаа амттан, чипс зэргийг огт амсуулаллгүй эрүүлээр хооллож өсгөдөг.
Амны хөндийг нь цэцэрлэгт ортол нь угаалгаж үзээгүй ээ. Үнэнгээ л хэллээ. Бусад шиг мундаг шүдийг нь угаалгаж чаддаггүй ч, элдэв химийн бодистой зүйлсийг нэг ой хүртэл нь хорьвол шүд хорхойтохгүй гэдгийг биеэр мэдэрсэн.
Хоёр хүүхдийнхээ шүдийг гурван нас хүртэл нь хорхойтуулаагүй авч үлдсэн. Харин одоо ихэр охидын ээж болчихсон ертөнцийг харах үзэл маань өөрчлөгдөөд л явна.
Хүн бүр адилхан мэргэжилтэй болох албагүй ч бүгд л эцэг эх болдог нь амьдралын жам буй. Мэдээж бид бүгдэнд анхны удаа гэж байдагтай адил би ч бас анх удаа ээж болж, анх удаа ихрүүд ээж болсон нэгэн.
Энэ бүх туршилгаа та бүхэнтэйгээ хуваалцах гэж буй сэтгүүлч бүсгүй би. Анхлан төрөгч, олон жилийн зайтай төрж буй ээжүүд минь хамт байгаарай. Маш олон туршилгаа сийрүүлж та бүхний хүсэлтийн дагуу туршилга судална гэдгээ амлая.
Ямар завандаа сууж байгаа бол гэж бодож байна уу? Ихрүүдийнхээ өдрийн унтлагын цагийг ашиглаж ийн сийрүүлж сууна.
Өнөөдөр хүү минь ээжтэйгээ чяцуу өндөртэй, том залуу болчихсон. Дүү нартайгаа тоглоод сууж байна. Үнсүүлэхдээ хүртэл гуйлгаж, ичингүйрч холдоод байдаг насандаа хэдийн оччихжээ. Одоо бараг л шилжилтийн насанд ирчихсэн залуугийнхаа ааш авирыг олох гэж хичээж л явна.
Цэцэг авч өгдөг гоё залуу өсгөнө гэж бодтол хүүгийнхээ найз охинд цэцэг авч өгдөг ээж болсон байна. Арван настай залуугийн найз охины талаар яриаг сонсож, өнөө жижигхэн шар охинтойгоо дүүтэй нь цуг гадаа гарч тоглохын тулд хэзээ ч үзэгдэж харагдаж байгаагүй хурдаар гэрээ цэвэрлэж, хичээл хийх хүүгээ хараад инээд хүрэх шиг.
Хичээл хийх үү, унтах уу гэхээр л шууд унтдаг байсан хүү минь эрс тэс өөрчлөгдөв. Заримдаа дуугаа хураан суух нь хүртэл өсвөр нас гэх шинэ ертөнцийн үүдийг тогшиж байгааг сануулах юм. Яанаа би чинь өдөр бүр олон зан ааштай нөхөдтэй баатарлагаар тулж чаддаг ганц хүн шүү хэмээн өөрийгөө шоолон инээсээр сууна даа…
Уншигч тантай дараагийн нийтлэлээрээ дахин уулзах болно.
Чиний дотнын найз БИ ЭЭЖ.