
Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хуралдааны 05 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийн дагуу “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулж “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг Дорноговь аймагт амжилттай зохион байгууллаа.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, тус бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцлоо.
Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны зорилго: Бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана.
- Салбар хуралдааны санал, зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцуулах
- Салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэн нэгтгэж шийдвэрийн төслийг танилцуулах
- Шийдвэрийн төсөлтэй холбогдуулан бүсийн аймгуудын төлөөлөгчдөөс асуулт, санал авах
- Санал, зөвлөмжийг баталж, хууль, тогтоомжид заасны дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулах
Говийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүс нутаг бүрийн нөөц боломжийг оновчтой ашиглах хөшүүрэг бүхий “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” бий болох эхлэлийг тавьж байна.
Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлснээр:
- Зөвхөн бүс нутаг төдийгүй, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөө үзүүлнэ
- Орон нутагт ажлын байр, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдэнэ
- Хот суурин газрууд дахь хөдөлмөрийн хэт төвлөрөл саарна
- Дэд бүтэц, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөж, хөгжүүлнэ
- Аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбарыг бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, хувь хүнийг дэмжин ажиллах
- Бүсийн оршин суугчдын эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлэх зэрэг нэн чухал ач холбогдолтой байгаа юм.