
Энэтхэг, Пакистан хоёр улс өнгөрсөн бямба гарагийн 17:00 цагаас эхлэн галаа зогсоожээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн мэдээлснээр Энэтхэг, Пакистан хоёр улс галаа зогсоох зөвшилцөлд хүрэхэд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.
Хоёр улсын зөрчилдөөн өнгөрсөн сард Энэтхэгийн хяналтад байх Кашмир мужийн Пахалгам хотод “Кашмирын эсэргүүцэл” нэртэй зэвсэгт бүлэглэл жуулчид руу гал нээж, 26 хүний аминд хүрсэн явдлаас эхэлсэн ба энэ сарын 7-нд Энэтхэг Пакистан дахь алан хядах бүлэглэлүүдийн объектуудад цохилт үзүүлж, 10-нд Пакистаны арми Энэтхэгт хариу пуужингийн цохилтууд үзүүлсэн юм.
Энэтхэг, Пакистаны аль нь ч хуурай газрын цэргийг ажиллагаа эхлүүлээгүй бөгөөд агаарын тулаан голчлон хилийн бүс тэр дундаа маргаан дагуулсан Кашмирын бүс нутагт явагдсан юм.
Энэ удаагийн зөрчилдөөний үр дүнд хоёр улсын дипломат харилцааны түвшин ахин буурч, хоёр улс консулын газруудынхаа тоог харилцан бууруулж, иргэдийн визийг цуцалж, хилээ хаагаад байна. Үүнээс гадна талууд 1960 онд байгуулсан Инд мөрний усны тухай гэрээ, 1972 онд байгуулсан энхийг гэрээний хэрэгжилтийг зогсоожээ.