
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд 2022 онд тасалдсан шууд яриа хэлэлцээгээ энэ сарын 15-ны өдрөөс Стамбул хотноо ямар ч нөхцөл болзолгүйгээр сэргээх санал тавьжээ.
Тэрээр, “2022 оны сүүлээр тасалдсан шууд яриа хэлэлцээгээ ямар ч болзолгүйгээр сэргээхийг Киевийн эрх баригчдад санал болгож байна. Яриа хэлэлцээгээ шуурхай журмаар ирэх пүрэв гарагт, 5-р сарын 15-ны өдөр өмнө нь хаана эхэлж, хаана тасалдсан газраа буюу Стамбул хотод эхлүүлье.” хэмээн мэдэгджээ.
Тэрээр ОХУ-Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулах асуудлаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай ярилцахаар төлөвлөж буйгаа дурджээ. Ерөнхийлөгч В. Путин, Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай ярилцаж, түүнээс ОХУ-Украины яриа хэлэлцээг Турк улсад зохион байгуулах боломж олгохыг хүсэхээ мэдэгджээ.
Түүнчлэн Оросын төрийн тэргүүн Украинтай шууд яриа хэлэлцээ хийх нь хоёр улсын хооронд анх зөрчилдөөн үүсэх болсон шалтгаануудыг арилгаж, урт хугацааны, бат бөх энхийг тогтоох зорилготойг онцолж, хэлэлцээ хийх явцад талууд түр эвлэрэл, тодорхой хугацаагаар галаа зогсоох нөхцөлийг зөвшөөрч, цаашлаад энхийн гэрээ байгуулахыг ч үгүйсгээгүй байна.
Киевт өнгөрсөн бямба гарагт Франц, Герман, Их Британи болон Польшийн төрийн тэргүүнүүд айлчилсны дараа Украины эрх баригчид ирэх даваа гарагаас буюу 12-ны өдрөөс багадаа 30 хоногийн хугацаагаар галаа зогсооход бэлэн хэмээн мэдэгдсэн байна.