Маргааш нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно

Японд жил бүр болдог “Тур де Кумано” олон өдрийн уралдааны эхний гараа өчигдөр Инамид /Инами-Инами/ 125.3 км зайд болж, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын “Roojai incurance” багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр 22 дугаар байрт орлоо.
Team Solution Tech – Vini Fantini багийн серб дугуйчин Душан Ражович 2:55:59 амжилтаар түрүүлж, Utsunomiya Blitzen-ий япон тамирчин Ока Ацуши хоёрдугаарт, VC Fukuoka багийн испани дугуйчин Бенжамин Прадес гуравдугаарт оржээ.
Эхний 82 дугуйчин бөөндөө буюу ижил цагийн амжилтаар барианд орсон тул нийлбэр дүнг тамирчдын уралдааны явцад авсан шагналын секунд заагласан байна. Тодруулбал, 13 секундээр шагнуулсан Душан Ражович нийлбэр дүнг тэргүүлж шар цамц өмсөж эхэлсэн бол Ока Ацуши таван секундын алдагдалтай хоёр, Бенжамин Прадес есөн секундын алдагдалтай гуравдугаар байрт бичигдэв.
Манай ОУХМ Б.Тэгшбаяр нэг секундээр шагнуулж, тэргүүлэгчээс 12 секундын алдагдалтайгаар нийлбэр дүнгээр зургадугаарт явна. Уралдааны явцад долоон тамирчин л секундээр шагнуулжээ.Манай тамирчны “Roojai insurance” баг 10 дугаарт бичигдэж байна. Уралдааны хоёр дахь гараа маргааш Козагавад /Козагава-Козагава/ 126.7 км зайд болно.
Эх сурвалж: Монголын дугуйн холбоо