
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ-ын зэвсэгт хүчин 5-р сарын 7-ны 00:00 цагаас 5-р сарын 10-ны 00:00 цаг хүртэл галаа зогсоох тухай мэдэгдсэн билээ.
Түүний энэхүү тушаал хэрэгжиж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын арми фронтын шугамын ойролцоо байрлах Украины хот тосгодод 220 удаагийн цохилт үзүүлсэн болохыг Украины Запорожье мужийн захирагч Иван Федоров мэдэгджээ.
Украины зэвсэгт хүчний хувьд ОХУ-ын зарласан түр эвлэрлийн хугацаанд түрүүлж гал нээхгүй, зөвхөн хариу цохилт өгөх тушаал авсан тухай “Суспiльне” сайт мэдээлжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцсан ба ингэхдээ В.Зеленский Киев ОХУ-тай галаа 30 хоног зогсоох хэлэлцээ хийхэд бэлэн гэдгийг дурдсан байна.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд ОХУ-Украины дайныг дуусгах, галаа зогсоох явдлыг дэмжиж, туслахад бэлэн гэдгээ илэрхийлсний сацуу галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн ч талууд үүргээ биелүүлж чадахгүй бол АНУ болон түүний холбоотнууд нэмэлт хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулжээ.
Нөгөө талаас Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ОХУ-ын зүгээс хэтэрхий их юм шаардаж байгааг онцолсон байна.
Тэрээр, “Оросууд энэ дайнд өөрсдийгөө ялж буй хэмээн гэж үзэж байгаа тул асар олон юм шаардана гэдгийг нь бид мэдэж байсан. Гэхдээ ОХУ өөрсдийн эзлээгүй байгаа газар нутгийг өөрийн мэдэлд авна гэж энхийн гэрээний эхний хувилбарт оруулсан байсан. Тэгэх боломжгүй.” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр ОХУ, Украин хоёр энхийн хэлэлцээнд оролцож, өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа нь маш том дэвшил ажээ.
Эх сурвалж: reuters.com