
П.Наранбаяр: “Facebook, Tik Tok, Instagram зэрэгт 16 нас хүрээгүй хүүхдийн оролцоог хязгаарлана, хуульд саналаа өгөөрэй”
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэсэн аян өрнүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд камержуулах зэрэг асуудлыг ярилаа. Нэлээд олон шийдвэр гарахаар байна.
Хоёрт, хүүхдийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдсан, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангая гэдэгт санал нэгдсэн. Энэ бол ардчиллын процесст сургадаг учир чухал ач холбогдолтой.
Нийгмийн сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг дөрвөн яамны дунд боловсруулж байна. Хүмүүс саналаа өгвөл сайн. Удахгүй d.parliament сайт дээр тавигдана.
Мөн хүүхдийн зуслангуудыг сэргээх асуудал яригдлаа. Энэ бол маш чухал. Мөн Хүүхдийн ордонг сэргээн байгуулах тухай ярьж байна” гэв.