
Америкийн тэрбумтан Уоррен Баффетын 1970-аад онд 20-хон хүнтэй эхэлж байсан Berkshire Hathaway компанийн жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр хэдэн 10 мянган хөрөнгө оруулагчдыг татдаг томоохон арга хэмжээ болон хувирчээ.
Berkshire Hathaway холдингийн Небраска мужийн Омаха хотод болдог хувьцаа эзэмшигчдийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 40 мянга гаруй хүн оролцдог ба компанийн үйл ажиллагаа, нөхцөл байдлыг танилцуулах албан ёсны хэсэг нь 20 минут орчим үргэлжилдэг бол Уоррен Баффет болон өөр бусад томоохон хөрөнгө оруулагчдаас сонирхсон асуултаа асуух хэсэг 4-5 цаг үргэлжлэх нь бий.
2025 оны Berkshire Hathaway холдингийн хувьцаа эзэмшигчдийн чуулган өнгөрсөн баасан болон бямба гарагт болж өнгөрсөн ба тус уулзалтад оролцсон монгол залууд 94 настай тэрбумтан Уоррен Баффетаас асуулт асуух боломж гарсан байна.
Тэрээр, “Өглөөний мэнд Уоррен, энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад баярлалаа, энэ уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Намайг Дашбаяр Буяндэлгэр гэдэг. Би Монголоос ирсэн. Товчхондоо гэвэл Монгол улс нь Орос, Хятад хоёр улсын голд хавчуулагдсан, далайд гарцгүй хөгжиж буй зах зээл юм. Баялаг түүх болон байгалийн нөөц ихтэй, ардчилсан орон юм.
Өнгөрсөн долоо хоногт Монгол улс өөртэй чинь адил хөрөнгө оруулагчдыг татахын тулд Нью Йорк хотод хоёр дахь удаагаа Монголын хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулсан. Танаас Өмнөд Солонгос, БНХАУ, Энэтхэг зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүд зөвлөгөө авдаг гэдгийг мэднэ. Та Монгол шиг хөгжиж буй зах зээлтэй орнуудын төрийн тэргүүнүүд болон бизнесийн удирдагчдад өөртэй чинь адил хөрөнгө оруулагчдыг татахын тулд юу хийх ёстой талаар ямар зөвлөгөө өгөх вэ? Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулах урт хугацааны төлөвлөгөө юу байж болох вэ? Эцэст нь та бүхнийг Монголд урьж байна, ирэх 7-р сард манайд болох эдийн засгийн чуулганд оролцвол монголчууд ихэд талархах болно.” хэмээн асуужээ.
Монгол залуугийн асуултад Уоррен Баффет, “Баярлалаа. Би чинь хэдхэн майлын цаана байгаа Каунсил Блафф хотод ч очиж амжихгүй байгаа хүн шүү дээ. Гэхдээ ийм өөдрөг байгаад чинь баярлалаа. 20 орчим жилийн өмнө би хувьцаа эзэмшигчдийн чуулганаар Монгол улсад их юм хийж, эхлүүлсэн бизнес нь амжилтад хүрсэн нэг хүнтэй уулзаж байсан. Тэр Монголд бүр нэг хэсэг амьдарсан. Монголын засгийн газарт өгөх зөвлөгөө гэвэл валютын ханш чинь маш тогтвортой байх ёстой. Бид инфляц нь өсөх магадлалтай эсвэл тасралтгүй өсөж буй улс оронд очихыг хүсэхгүй. Үнийн хэт өсөлттэй нөхцөлд мөнгө хийх арга олсон хүмүүс бий. Бидний хувьд тийм нөхцөлд ажиллаж чадахгүй. Бидний тавьсан нөхцөл шаардлагыг хангаж чадахгүй бол бид хөрөнгө оруулах боломжгүй.
Гэхдээ надтай 20 жилийн өмнө таарсан хүн бол Монголд маш амжилттай ажилласан. Хэрэв тухайн улс бизнест ээлтэй, валютын ханшаа тогтвортой барьж чаддаг гэсэн нэр хүндтэй, дээр нь байгалийн нөөц ихтэй бол энэ нь иргэдэд нь ч сайн нөлөөтэй.
Монгол улсын байгалийн нөөц зэргийн тухай сайн мэдэхгүй байна. Жишээ нь 1790 онд Америк үсрэнгүй хөгжинө гэж хэн ч мэдээгүй. Бид юмыг төгс хийх албагүй, харин бусдаас илүү байх хэрэгтэй.
Бид юу ч үгүй эхэлсэн, тэгвэл өнөөдөр дэлхийн ДНБ-ий 25 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засгуудын нэг болж, валютын ханшаа тогтвортой барьж байна. Та бүхэнд амжилт хүсье.” хэмээн хариулжээ.