
Ямар нэг арга хэмжээнд очих бүрд цаасан мандат биднийг угтдаг. Дараа нь хогийн саванд л өнөөх мандатууд “хэвтэж” байдаг. Тэгвэл Ё.Гантөгс, Б.Мядагмаа нар гарын саван болгоод ашиглах боломжтой цаасан мандатыг үйлдвэрлэж байна.
Нөхөр Ё.Гантөгс нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газарт ажилладаг. Харин эхнэр Б.Мядагмаа нь МУИС-ийн Хятад хэлний ангийг төгсөж, өдгөө нэгэн хувийн компанид ажиллаж буй гэнэ. Нэг мандатыг хоёр хуваагаад ч гараа угааж болох аж. Байгальд ээлтэй дадлыг хүмүүст санал болгож буй залуу хосын эхлүүлсэн энэхүү бизнестэй хамтдаа танилцацгаая.
Ё.Гантөгс: 2022 оны зургаадугаар сараас төслийнхөө санааг олж судалгаагаа эхлүүлсэн. Тэгээд есдүгээр сард нь анхныхаа борлуулалтын захиалгыг авсан. Хүмүүс анх мандатаар гараа угаана гэхээр их гайхаж байсан бол одоо бид сард 2000-3000 ширхэг мандатын захиалга авдаг болжээ. Өдрийн цагаар хоёул тус, тусынхаа ажлыг хийж, хажуугаар нь аль боломжтой нь захиалгаа авдаг. Ажлаа тараад хоёр талаас уулзаж, түүхий эдээ цуглуулна. Харьж хоолоо идчихээд хоолныхоо ширээн дээр шөнөжин үйлдвэрлэнэ дээ. Заримдаа ч хоёр цагийн нойртой ажил руугаа явах нь бий.
Б.Мядагмаа: Гэхдээ шөнөжин нойргүй суулаа гэж бухимдаж байсан удаагүй. Шөнө мандат хийгээд суух нь бидэнд харин ч ярилцах, сэтгэл санаагаа хуваалцах завшаан болж өгдөг.
-Хүний биед харшлах бодис ордог уу. Туршилт хийж байсан уу?
-Хүмүүс хүний биед хортой юу, харшил өгөх үү гэж их асуудаг. Бид хоёр “Инновацын эзэд” уралдаанд орж байхдаа шинжилгээнд өгч үзсэн. Мандатаа усанд найруулж зуурмаг болгоод усны лабораторид өгч шинжлүүлж байсан. Тэр шинжилгээгээр хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна гэдгийг нь тэр бичгээрээ баталгаажуулж байсан. Мандатын маань 60 хувь нь саван гэж хэлж болно. Захиалга өгөхдөө энгийн мандат авах уу, цэцгийн үнэртэй мандат авах уу гэдгээ сонгох боломжтой.
-Өнөөдөр захиаллаа гэж бодоход хэд хоногт бэлэн болгож өгөх вэ?
-Хэдэн ширхгийг захиалсан бэ гэдгээс л шалтгаална. 200-300 ширхэг мандат захиалсан бол бид хоёр маргааш өглөө гэхэд бэлэн болгочихно. Түүнээс ихийг захиалах юм бол оюутан дүү нараа авчирч цалинтай ажиллуулдаг. Ерөнхийдөө бол өдөрт 500 ширхгийг хийчихнэ ээ.
-Үнийн мэдээлэл өгөөч?
-Анх зах зээлийн судалгаа хийж байхад, мандатыг илүү чамин хийлгэх төлөвтэй. Үүнийгээ дагаад нь 5000-10000 төгрөгийн хооронд байсан. Бид дундаж үнийг тооцоолж, оосор, гэртэй нь мандатаа багцаар нь 4000 төгрөгөөр гаргаж байгаа. А4 цаасны дөрөвний нэг хэмжээтэйгээр бас гаргадаг. Тэр нь 5000 төгрөгөөр гарна.
-Гадаадаас захиалга ирвэл яах уу?
-Хийгээд явуулна даа. Ер нь бол олон улсын төслүүдээс захиалга их ирж байсан.
Мөн дан ганц мандат гэхгүй нэрийн хуудсаа ингэж хэвлүүлж буй хүмүүс ч цөөнгүй байна. Цаашдаа тараах материалын зах зээл рүү орох сонирхолтой байгаа. Сонгуулиар цаасан материал их тараагддаг. Уг нь бол нэр дэвшигчид айл бүрд мөрийн хөтөлбөрөө нэг цаасан дээр QR болгож тарааж болно. Ийм тохиолдолд бид бас оролдоод үзнэ дээ.
Хэрэв та захиалга өгөх бол 99407134 дугаар руу холбогдоод хэзээд ч захиалга өгч болно. Шөнө магадгүй залгахад тань бид хоёр мандатаа хийгээд сууж байж ч мэднэ.