
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам хууль бус цагаачдад зориулсан “АНУ-аас сайн дураараа гарах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ. Тус хөтөлбөрийн дагуу сайн дураараа АНУ-аас гарсан хууль бус цагаачдад мөнгөн тэтгэмж олгох аж. Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд, “Хэрэв та АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суугаа бол сайн дураараа АНУ-аас гарах нь хамгийн шилдэг, аюулгүй бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй арга юм.” хэмээн онцолжээ.
АНУ-аас сайн дураараа гарсан хууль бус цагаачид тусгай аппликейшн ашиглан АНУ-ын засгийн газраас 1000 ам.долларын тэтгэмж авах боломжтой болж байгаа ба тус мөнгөн тэтгэмжийг тухайн иргэн эх орондоо эргэн очсон тохиолдолд олгох аж. Түүнчлэн АНУ-аас сайн дураараа гарсан иргэд АНУ руу дахин хууль журмын дагуу нэвтрэх боломжтой болно гэжээ.
Дотоодын аюулгүй байдлын яамны тооцооллоор сайн дураар АНУ-аас гарч буй хууль бус цагаачдад мөнгөн тэтгэмж олгох нь хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргах зардлыг 70 хувиар бууруулах аж. Зөвхөн нэг хууль бус цагаачийг баривчлан хорьж, албадан гаргахад Вашингтон дунджаар 17121 ам.доллар зарцуулж байгаа гэжээ.
Хууль бус цагаачлалтай тэмцэх нь Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг юм. Д.Трампын засаг захиргаа 2025 оныг дуустал АНУ-аас 1 сая орчим иргэнийг албадан гаргахаар төлөвлөжээ.