
Нийслэл Улаанбаатарыг 14 хотод хуваах тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.
“Хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Гол мөн чанар нь төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Энэ нь хотын захирагчаа иргэд сонгодгоос эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо дүүргүүдэд байгаа чиг үүргүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя, хотуудын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог байх гэдэг хуулийн зохицуулалт батлагдчихсан. Мөн хот нийтийн аж ахуй буюу орчин тойрныхоо асуудлыг өөрсдөө хотынхоо захирагчтай хамтарч асуудлаа шийддэг бололцоог Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар бүрдүүлж өгсөн.
Хоёрдугаарт, есөн дүүргээс төвийн зургаан дүүргийг 14 болгох гэлээ гэж иргэд шоолж яриад байгаа. Зарим дүүрэг 5000 хүнтэй. 5000 хүнд Засаг дарга төрийн үйлчилгээг аппаратаараа хүргэхэд нэг өөр цаг хугацаа, стандарт мөрдөгдөж байхад зарим дүүрэг 500 мянган хүнтэй. Ялгаагүй нэг Засаг дарга, ЗДТГ байгаа. Энэ нь цаад углуургаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой.
Тиймээс зохистой хэмжээнд 14 хотод хувааж, иргэд захирагчаа сонгож, наад захын нохой, муур, хог, цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаа шийдье л гэж байгаа. Гэтэл зарим хэсэг асуудлыг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Хэрэгжихэд мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл шаардлагатай учир 1, 2 жил хойшлуулж, хангаж яваасай гэсэн бодолтой байна.
Олон нийтийн зүгээс хуулийг уншихгүй байна. Шийдвэр гаргагчид ч судлахгүй байна. Хот дээр 2024 сонгуулийн дүнгээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг хотын зөвлөл болгож 2028 он хүртэл шилжүүлэх шилжилтийн зохицуулалтыг хийсэн.
Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг гурван хотод хуваагдаж байгаа бол тус дүүргийн 45 төлөөлөгч хотын зөвлөлийг ямар ч байсан 2028 он хүртэл шилжилтийн байдлаар зохицуулж, 2028 онд Хотын захирагч болон төлөөлөгчдөө сонгох сонгуулиа хийе гэж тусгасан.