
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвасыг бүхэлд нь эзэлж, хүн амыг нь өмнөд рүү нүүлгэн шилжүүлнэ хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн ням гарагт Израилын аюулгүй байдлын зөвлөл ХАМАС бүлэглэлийн эсрэг Газын зурвас дахь хуурай газрын цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасан юм.
Энэхүү шийдвэр нь Израилын армид ХАМАС бүлэглэлийг бут цохиж, барьцааны хүмүүсийг суллахад туслах аж. Тель Авив Газын зурвас дахь хуурай газрын цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх нь олон зуун мянган Палестинчуудыг Газын зурвасын өмнөд хэсэг рүү дүрвэхэд хүргэх ба энэ нь тус бүс нутагт нүүрлээд буй хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгах нь гарцаагүй юм. The Times of Israel сонинд бичсэнээр хуурай газрын цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх нь ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийн амь насыг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн Израилын зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Эяля Замир анхааруулсан ч Израилын аюулгүй байдлын зөвлөл хуурай газрын цэргийн ажиллагааг үе шаттайгаар өргөжүүлэхийг санал нэгтэйгээр дэмжжээ.
Израилын арми уг ажиллагаагаа АНУ-ын Доналд Трампын ирэх долоо хоногт Ойрх Дорнодод хийх айлчлалын дараа эхлэх төлөвтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Палестины ХАМАС бүлэглэлийн барьцаанд 59 хүн үлдээд байгаа юм. Израилын эрх баригчид тэдгээр 59 хүнээс багадаа 35 нь амь үрэгдсэн гэж үзэж байгаа ба ХАМАС бүлэглэл галаа зогсоож, барьцаалсан иргэдээ суллахыг зөвшөөрнө гэдэгт эргэлзэж байгаа аж. Нөгөө талаас Израилын Ерөнхий сайд Б. Нетаньяху барьцаанд байгаа иргэдийг суллахаас илүү ХАМАС бүлэглэлийг устгах тал дээр илүү төвлөрч буйг нь түүний сүүлд хийсэн мэдэгдлүүдээс харж болох юм. Өнгөрсөн долоо хоногт тэрээр барьцаанд байгаа иргэдийг суллах нь чухал ч дайны гол зорилго нь ХАМАС бүлэглэлийг устгах юм хэмээн мэдэгдэж, барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхний бухимдлыг төрүүлжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр Тель Авив Газын зурвасын иргэдэд очих ёстой хүмүүнлэгийн тусламж ХАМАС бүлэглэлийнхний гарт орохоос сэргийлж, хамгаалалтын хувийн компаниудыг хөлслөх ба хүмүүнлэгийн тусламжийг тусгай логистикийн төвүүдээр дамжуулан тараах аж. НҮБ Израилын эрх баригчдыг хүмүүнлэгийн тусламжийг ашиглан дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахыг оролдож байна хэмээн буруутгажээ. Израилын зэвсэгт хүчин хоёр сарын турш галаа зогсоосны эцэст өнгөрсөн 3-р сарын 18-наас эхлэн Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа сэргээсэн юм. Тухайн үед Ерөнхий сайд Б. Нетаньяху ХАМАС бүлэглэл устаж үгүй болж, барьцаанд байгаа бүх хүмүүс суллагдах хүртэл дайнаа зогсоохгүй хэмээн мэдэгдсэн билээ.