
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зөвлөлдөх ардчилал сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Аливаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэх арга зам олон улсад бий болсон нь зөвлөлдөх ардчилал юм. Энэ талаар монгол улс 2015 оноос ярьж эхэлсэн. Үүгээр дамжуулан 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.
Эрдэм шинжилгээний хуралд БНСУ, АНУ, Европын орнуудаас судлаачид ирж, зөвлөлдөх ардчиллын талаарх санал дүгнэлтээ танилцууллаа. Тухайлбал, дэлхий дахинаа 150 гаруй удаа зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлдөх санал асуулгын аргачлалд төвлөрдөг Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин ирж өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Түүний хэвлүүлсэн “Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номыг УИХ-ын дарга асан Г.Занданшатар орчуулан уншигчдын гар дээр тавихад бэлэн болжээ.
Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин “Зөвлөлдөх ардчиллын талаар нэг жишээ хэлье. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд оруулах явцад энэ арга батлагдсан болон няцаагдсан саналуудаас үл хамааран өндөр үр дүнтэй, амжилттай хэрэгжсэн. Уг өөрчлөлт нь төрийн байгууллагуудын хоорондын хяналт, тэнцлийг нэмэгдүүлж, өмнө нь хангалттай эрх мэдэлгүй байсан Ерөнхий сайдад илүү их бүрэн эрх олгосон. Мөн шүүхийн салбарт тодорхой, оновчтой сайжруулалтууд хийгдсэн нь ч томоохон амжилт болсон” гэв.
Мэдээллийг хязгаарлах санаатай гуйвуулах, олон нийтийн санаа бодлыг зориуд төөрөгдүүлэх нь хэвийн үзэгдэл мэт болсон өнөө үед зөвлөлдөх ардчиллын зарчмаар зарим томоохон асуудлуудаа шийдвэрлэх нь чухал гэж эрдэм шинжилгээний хуралд оролцогчид үзжээ.
Ардчилалд бий болж байгаа сөрөг үзэгдлүүдийг зөвлөлдөх ардчиллын замаар шийдвэрлэх боломжтой гэв. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд нийт ард иргэдийн саналыг нэг бүрчлэн авах боломжгүй. Тиймээс мэдээллээр хангаж, дараа нь төлөөллийн зарчмаар асуух үйл явц нь зөвлөлдөх санал асуулгын гол зарчим юм.