
Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төсөлд нийслэлийг 14 хотод, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж, 214 Засаг даргатай байгааг 53 болгож цөөлөх тухай тусгасан.
Шинэ зохион байгуулалтын гол агуулга: Засгийн газар, НЗДТГ-аас Улаанбаатар хотын удирдлагын бүтэц, захиргааны хуваарийг шинэчлэн өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэснээрээ төвлөрлийг сааруулж, үр ашигтай бүтэц бүрдүүлэн хотуудын хөгжлийг тэгш хангана гэж үзэж байгаа аж. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс, УИХ-ын тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тооцсон.