
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Уг төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцлаа.
Энэ үeэр “Ти Ай Ложистик” XXK-ийн Тээврийн газрын захирал П.Ариунзаяа “Манай компани үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, гаалийн хяналтын бүс болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд НЗДТГ-ын ажлын хэсгийн зүгээс Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар бидэнтэй уулзаж, манай үйл ажиллагаатай танилцлаа.
Хүннү хотын логистик төвийг олон улсын стандартад нийцүүлсэн жишиг төв болгож хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд, одоогийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
“Ландбридж” ХХК-ийн захирал Д.Энхтүвшин “Миний хувьд тээвэр, логистикийн салбарт 27 жил ажиллаж байна. Манай компани нь 22-ын товчоо буюу СХД-ийн 36 дугаар хороонд бараа бүтээгдэхүүнийг суурьшлын бүс рүү задалж оруулах, орон нутагт түгээх агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НЗДТГ-ын Хүннү хотыг хөгжүүлэх ажлын хэсгээс логистикийн дэд бүтэц, агуулахын чанар зэргийг цаашдын төлөвлөлтдөө оруулах зорилгоор туршлага судалж, ирж үзлээ. Энэ салбарт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Хүннү хот болон нийслэлийн захын дүүргүүдэд түгээлт, ачаа бараа боловсруулах дэд бүтэц сайжраасай гэж хүсдэг. Энэ талаараа бид өөрсдийн хийсэн бүтээснийг үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ зөвлөлдөж байгаадаа баяртай байна” гэв.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тээвэр логистикийн төвийг Хүннү хотод нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө энэхүү үйлчилгээг үзүүлдэг ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой саналууд гарсан учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Хотод төвлөрсөн логистикийн хөдөлгөөнийг сааруулахад аж ахуй эрхэлж байгаа компанийн захирлууд болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Хамгийн чухал нь Хүннү хотод төлөвлөж байгаа байршил дээр ямар үйлчилгээг нэвтрүүлэх, терминалаа хаана үлдээх зэрэг олон бодитой ажил хэрэгч саналуудыг гаргаж байна. Тиймд, логистикийн төвийг шинээр байгуулахдаа үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ын бүх саналыг аль болох тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж гүйцэтгэнэ” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС