
Тажикистан улсын Душанбе хотод 2025 оны тав дахь их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн энэ сарын 2-4 ны өдрүүдэд болох бөгөөд эхний өдрийн байдлаар манай жүдочид хоёр медаль хүртлээ. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй есөн жүдочин зодоглоно. Эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй аж.
Ж.АНУДАРЬ ДУШАНБЕ ИХ ДУУЛГЫН АВАРГА БОЛЛОО
Эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд барилдсан 18 настай жүдоч охин Жамсрангийн Анударь 48 кг-ын жинд түрүүллээ . Тэрээр 2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, европын цувралын хошой аварга, үндэсний шигшээ баг, женко клубын тамирчин юм. Ж.Анударь анх удаа их дуулга ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөн аварга болсон ба их дуулга ангилалаас хүртэж буй анхны медаль нь алтан медаль болж байна.
Аваргын алтан медалийн төлөө тэрээр Хятадын бөхтэй хүч үзсэн юм. Барилдааны явцад тэрээр хятадын бөхөд юүко үнэлгээ эхэлж алдсан, өрсөлдөгчөө цэвэр ялж аваргалсан юм.
Э.АРИУНБОЛД ДУШАНБЕ ИХ ДУУЛГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Харин хоёр дахь медалийг эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд барилдсан 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2023 оны “World masters” тэмцээний мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, алдар спорт хорооны тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ.