
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх санаачилгыг Африкийн төлөөлөгчид анх гаргасан. Тавдугаар сарын 3-ны өдрийг ч тохиолдлоор сонгоогүй. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид чуулж, дэлхийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хангахыг уриалж байжээ.
2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 52.57 оноотой 102-т бичигдэж, өмнө жилээс долоон байр урагшилсан байгаа аж. Гэвч сүүлийн жилүүдэд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 109-р байр хүртэл ухраад байсан юм. Энэ жилийн хувьд Аюулгүй байдлаас бусад үзүүлэлтүүд өссөн нь хэвлэлийн эрх чөлөөний индексээр байраа урагшлуулахад нөлөөлжээ.