
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, өнгөрсөн жилүүдэд НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэх асуудал, өмч хувьчлалын хоёр тайланг батлах талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасах, гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох, гурван барилгыг актлан, газрыг дуудлага худалдаанд оруулахаар комиссын хуралдаанаар эцэслэн баталлаа. Түүнчлэн хоёр барилгын газарт хот төлөвлөлтийн трасс давхцал байгаа эсэхийг хянах, хоёр барилгын хувьчлалын хэлбэрийг өөрчлөх, мөн дөрвөн барилгыг нийслэлийн өмчид хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Тухайлбал, НИТХ-ын тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар батлагдсан БГД-ийн 1, 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, БГД-ийн 20 дугаар хорооны Цагдаагийн хэсэг байрлаж байсан байрыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгож тохижуулна. БГД-ийн 20 дугаар хороонд байрлах халуун усны барилгыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар болгох, “Монгол шуудан” ХК-ийн түрээсийн гэрээгээр эзэмшиж буй 4 барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хасна.
Менежментийн болон удирдлагын гэрээний үр дүнг харгалзан хувьчлах ажлын хүрээнд “Ану сервис” ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 8 халаалтын зуухны гурвыг нь хувьчлах жагсаалтаас хасах, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Удирдлагын гэрээг хааж, хувьчлах жагсаалтаас хасах, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэлээ. Мөн нийслэлийн өмчийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокийн барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах, БГД-ийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин барилга, ХУД-ийн 3 дугаар хорооны халуун усны барилгуудыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгож тохижуулна.
Цаашид хувьчлах барилга байгууламжийн дуудлага худалдааны үнийг тогтоолгож танилцуулах, Өмч хувьчлалын комиссын шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав. Ташрамд, 2021 оноос хойш хуралдаагүй байсан нийслэлийн Өмч хувьчлах комиссын анхдугаар хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон. Нийслэлийн өмч хувьчлах комиссын анхдугаар хуралдаанаар НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС