
Оюу толгойн төсөл дээр Монголын талыг төлөөлдөг ТУЗ-ийн гурван гишүүний нэг болох Э.Баясгаланг энэ удаагийн нэвтрүүлэгтээ урьж, Онтрэ гоулдын маргаанаар Монгол улс Оюу толгойн таван бүлэг ордын хоёрыг алдах уу? Онтрэ-ийн гэрээн дээр 34 хувь эзэмших эсвэл АМНАТ-аа нэмэхийн аль нь Монголд ашигтай вэ? зэрэг Оюу толгойг тойрсон асуудлуудын хариултыг эрлээ.
-Хамгийн сүүлд Оюу толгойн асуудал 2021 онд эд эрчээ авч Дубайн гэрээг цуцалсан. Монголын талд ногдох өрийг тэглэлээ гэж энэ Засгийн газар маань баатар болсон юм шигээр зарлаж байлаа. Тэгэхээр хамгийн эхний асуулт Дубайн гэрээг яг албан байдлаар цаасан дээр цуцалсан уу?
-Дубайн гэрээ 2015 онд байгуулагдаж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашлаад санхүүжүүлэлтийн механизмыг зохицуулж өгсөн гэрээ байдаг буюу гадаадын зээлдүүлэгч нараас нийт 3,6 тэрбум долларын зээл авч далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг. Дубайн гэрээгээр зохицуулагдсан өөр асуудлууд гэвэл тухайн үед Сангийн яам болон Татварын яамнууд хүлээж аваагүй байсан Оюу толгой компанийн санхүүгийн тайлангуудыг хүлээж авах, мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хүлээж аваагүй байсан тухайн үеийн ТЭЗҮ-г хүлээж авах гэх мэтчилэн үр дагавартай тийм гэрээ хийгдсэн байдаг. Манай Засгийн газартай хийсэн хэлэлцээр 20,4 тэрбум өр тэглэсэнтэй холбоотой мөн Дубайн гэрээг цуцалсан. Гэхдээ манай талаас бол тухайн гэрээг хүчин төгөлдөр бус нөгөө талаас болохоор тухайн гэрээ ингээд хэрэгжээд дуусгавар болсон гэсэн ийм харилцан адилгүй ойлголттойгоор тухайн гэрээг бол Цэц цуцалсан байгаа. Тухайн харилцан ойлголтгүй нөхцөлөөс үүсээд өнөөдрийн байдлаар гаднын зээлдүүлэгчдээс авсан өр зээл Оюу толгой компани дээр хэвээрээ байгаа. Рио Тинто компани бол “Наадах чинь хавсралт гэрээ, Дубайн гэрээ цуцлагдсан болохоос хавсралтаар батлагдсан менежментийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ ээ” гээд.Эрдэнэс Монгол, Оюу толгойн зүгээс болохоор “Энэ чинь Дубайн гэрээтэйгээ хавсралтаар батлагдсан учраас л мөн адил хүчингүй юм аа” гэсэн ийм байр сууриас болж маргаан үргэлжилж л байгаа.
ДУБАЙН ГЭРЭЭГ ХОЁР ТАЛААСАА ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛГҮЙ ЦУЦАЛСНААС ҮҮДЭЖ ГАДНААС АВСАН ЗЭЭЛ ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИД ХАРЬЯАЛАГДСАН ХЭВЭЭР БАЙНА
-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр менежментийн төлбөрт нийтдээ есөн төлбөрийг хамааруулж ойлгодог. Дубайн гэрээгээр долоон төлбөр нэмэгдээд нийт 16 төрлийн менежментийн үйлчилгээ авч төлбөр төлдөг өө гэсэн. Дубайн гэрээ цуцлагдсан учир үүний долоо нь нь хэрэгжихгүй нийт есөн гэрээний төлбөр л төлөх ёстой байтал 16-гаар төлж байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ үнэн үү?
-Оюу толгой дээр гардаг менежментийн төлбөр бол яг тодорхой ажил үйлчилгээнүүд хийгээд төлбөр төлөөд байна уу гэвэл үгүй. Яагаад гэвэл Оюутолгойн менежментийн төлбөр маань Рио Тинто компани нийт Оюу толгой дээр гарсан зардлынхаа хувиар тооцоод авчихдаг. Тэгэхээр Оюу толгойн компанийн нийт үйл ажиллагааны зардлын зургаан хувь далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын гурван хувь гэж тооцож Дубайн гэрээнд тусгагдсан байдаг. Тэгэхээр тухайн мөнгөн дүнд хамаарах ямар ажил хийгдээд байна вэ гэсэн задаргаа байдаггүй. Түүнээс гадна зургаан хувь, гурван хувь гэсэн зардлаас зардал тооцож авахаас гадна Рио Тинто компани менежментийн төлбөрөөс гадна дахиад ажил үйлчилгээ явуулаад харилцан хамааралтай гүйлгээ хийгээд байдаг. Түүнээс гадна зургаан хувь, гурван хувь гэсэн зардлаас зардал тооцож авахаас гадна Рио Тинто компани менежментийн төлбөрөөс гадна дахиад ажил үйлчилгээ явуулаад харилцан хамааралтай гүйлгээ хийгээд байдаг. “Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй менежментийн төлбөр мөн дахиж ажил үйлчилгээ гүйцэтгэсэн гэсэн ийм төлбөрүүд гараад байна аа” гэдэг асуудлыг 2018 оноос хойш бид нар ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хооронд ч яригдаад явж байгаа. Тэгэхээр 2018 оноос хойш харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийж байгаа Рио Тинто компанийн Оюу толгойгоос авдаг менежментийн төлбөрөөс гадуурх төлбөрүүд ТУЗ дээр дандаа давуу эрхийн шийдвэрээр буюу Рио Тинто компани бие даан шийдэж явсаар ирсэн энэ асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй. Татварын албанаас “Энэ бол үнэ шилжүүлгийн асуудал юм аа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлож уурхайгаас олсон орлогоо ашгаа бууруулах замаар Монголоос төлөх татвараас зугтаж байна аа” гэсэн ийм дүгнэлт гаргасан. Тэгэхээр яалтчгүй арбитр дээр явж байгаа татварын маргаантай уягдана. Тэр менежментийн гэрээ хүчин төгөлдөр үү, үгүй юү гэдэг асуудлаар бид нар энэ ондоо багтааж менежментийн гэрээг шинээр хийхээр Эрдэнэс Монгол компани дээр ажлын хэсэг байгуулагдчихсан явж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг нэг бүрчлэн цэгцлэхгүй л бол олон жил маргаан дагуулсан асуудлууд л даа.
-Менежментийн төлбөртэй холбоотой энэ маргааныг шийдэхийн тулд заавал хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой юу өөр зохицуулах боломж бий юу?
-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр суурь зарчим болох зардлын зургаан хувиар тооцно гэсэн заалт нь орчихсон байдаг болохоор яалтчгүй хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээгээ дахиж сөхөж харах шаардлагатай болно. Миний өмнө хэлсэнчлэн Туваан сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд дээр менежментийн гэрээг шинээр хийхээр ажлын даалгавраа бэлтгээд гаднын зөвлөх үйлчилгээ тендер зарлагдсан гэж би сонссон.
-Тэгвэл танаас тоо асууя. Яг өнгөрсөн 2024 онд Рио Тинто-д Оюу толгой компани менежментийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн бэ?
-2024 оны гүйцэтгэлээр Рио Тинто компанид 120 сая долларын менежментийн төлбөр төлсөн. Менежментийн төлбөрөөс гадна нөгөө ажил үйлчилгээ үзүүлсэн гэж төлбөр авдаг. Түүнд 18-20 сая доллар 2024 онд төлөгдсөн байгаа.
РИО ТИНТО ЗАРИМ АСУУДАЛ ДЭЭР БУУЛТ ХИЙЖ 814 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНАЛ ТАВЬСАН
-Оюу толгойг тойрсон олон асуудлууд байдгийн нэг нь татварын маргаан. Одоо ч шийдэгдээгүй Лондонгийн арбитр дээр байгаа. Саяхан 4-р сарын 22-нд Лондонгийн арбитр маргааны нотлох баримтуудыг авсан гэсэн. Татварын маргаанд дөрвөн оны дөрвөн төрлийн акт нийтдээ 1,3 их наяд төгрөгийн маргаан байдаг. Рио тинто компанийн зүгээс энэ татварын маргааныг хаая аа гээд энэ үнийн дүнтэй дүйцэхүйц санал тавьсан. Үүнийг манайх хуулиараа хүлээж авах ёсгүй юм байна. Гэхдээ энэ арбитрын маргаанд Монгол улс ялах боломж байна уу? Хэрвээ татварын маргааны дундын дансанд байршуулсан 1,3 их наяд төгрөгийг Ковидын үеэр Монгол улсын Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөг хэлбэрээр тараагаад өгчихсөн байгаа. Ялагдах юм бол бид нар үүнийг төсвөөсөө төлөх болно гэсэн үг. Тэгэхээр ялах боломжтой юу?
– 1,3 их наядаас Рио Тинто компани зарим асуудал дээр буулт хийгээд нийт 814 тэрбум төгрөгийн саналыг тавьсан. Үлдсэн дүн буюу 500 тэрбум орчим төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ээ гэсэн.
СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 80, 20 -ИЙН ГЭРЭЭГ БАТЛУУЛАХ АСУУДАЛ МАНАЙ ТУЗ-Д 15 УДАА ОРЖ ИРСЭН
-Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал сэтгүүлч нартай хаалттай уулзалт хийх үеэрээ энэ бол маргаад байх зүйл биш ээ. Тодорхой асуудал. Канадын арбитр дээр Рио Тинто компани Онтрэ компанитай арбитраар ороод шийдэгдчихсэн. 20 хувь 80 хувиар тохирчихсон. Тэгэхээр Монголын засгийн газар Онтрэ болон Рио Тинтогийн тулгаж байгаа 20 хувь дээр 34-51 хувиа эзэмших үү үгүй юу гэдгээ шийдэх ёстой юм аа. Үүнийг УИХ-аар ч ороод байх асуудал биш юм гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. Таны хувьд энэ 20, 80 гээд тогтоочихоод байгаа хувь ер нь хэр бодитой гэж үзэж байна? Бид нар хүлээн зөвшөөрөх ёстой юу?
-Онтрэ компанийн асуудал 2004 оноос хойш тодорхой болохгүй явсаар байгаад 20 гаруй жил болчихсон асуудал. 2004 онд Айвенхоу Майнз гэдэг компани Онтрэ гэдэг компанитай тухайн үедээ нөөц нь тодорхой болчихсон байсан. Онтрэ компани 2004 оноос хайгуул огт хийгээгүй байдаг. 2023 оноос эхлээд тодотгочихсон нөөцөө илүү тодорхой болгох нэмэлт өрөмдлөгүүд хийгдээд явж байгаа. Миний ойлгосноор 2004 онд Айвенхоу Майнз, Ондре компанийн хооронд нь 80,20 30,70-ын хэлэлцээрийг хийхэд нөөц нь тодорхой. Оюу Толгойн ашиглалтын лицензээс газар доогуур малталт хийх аргаар тухайн лицензийн талбайг олборлох нь ойлгомжтой. Сүүлийн гурван жилд 80, 20 -ийн гэрээг батлуулах асуудал манай ТУЗ-д 15 удаа орж ирсэн байдаг 15 удаа орж ирэх болгонд манай Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Үүн дээр засгийн газрын чиглэл баримтлах ёстой. Цаашдаа энэ нь Онтрэ гэдэг компанитай хөрөнгө оруулалтын гэрээг хийх УИХ-ын мэдлийн асуудал учраас нэмэлт чиглэл авахаас нааш шийдвэр гаргах боломжгүй ээ” гэж хойшлуулсаар сүүлийн гурван жилийг үдсэн. Рио Тинто компани ч ТУЗ-ийн хүрээнд шийдэгдэх боломжгүй асуудлыг дахин дахин ТУЗ-рүү оруулж Монголын талын гишүүдийг шахалтад оруулж, ажлаа Монгол Улсын хууль дүрмийн дагуу гүйцэтгэхэд хүндрэл учруулсан байдлаар дарамт шахалт маш их үзүүлж байсан. Энэ 80, 20 асуудал маш сонирхолтой. Ондрэ гэдэг компани Оюу толгой болон Рио Тинтог арбитрын шүүхэд өгсөн. Шүүхэд өгсөн нэхэхмжлэх нь их сонирхолтой. Тэр арбитрын шүүхэд өгсөн нэхэмжлэх нь өөрөө их сонирхолтой. Нэг нь 80, 20-ийн гэрээгээ баталъя аа гэсэн нэхэмжлэх. Нөгөө нь манай хуваарилалтыг Оюу толгой гэдэг компани шилжүүлж аваач ээ гэж байгаа юм. Тэр компани өөрөө эзэмшдэг хоёр лицензээ Оюутолгой нь бид нараас аваач ээ гээд байгаа нь маш сонирхолтой байгаа биз. Шалтгаан нь юу вэ гэдгийг бид маш сайн ухаж ойлгох ёстой. Онтрэ компани тэр хоёр лицензээ Оюу толгойн нэр дээр шилжүүлэх гээд байгаа асуудал нь 2009 онд Оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хамруулах л гэсэн санаа юм. Тэгж хамааруулснаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хөнгөлөлттэй татварын орчин болон тогтворжуулсан татвар, татварын орчныг эдлэх боломж үүсэх юм. Тэгэхээр нь бол яалтчгүй УИХ-ын хүрээнд шийдэх асуудал. Өнөөдөр бид нар “хөрөнгө оруулалтын гэрээ нь ямар их шүүмжлэлтэй, ямар их ашиггүй билээ” гэж ярьж байхад тухайн хөрөнгө оруулалтын гэрээн дээр дахиад хуваарилах лиценз нэмэх нь бид нарын хувьд маш утгагүй.
-Рио Тинтогийн зүгээс “Хөрөнгө оруулалтын гэрээнд маш тодорхой байгаа Оюу толгойн бүлэг орд хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарна аа” гэж саяхан байр сууриа илэрхийлсэн шүү дээ?
-Хууль зүйн яамнаас яг энэ асуудалд “Тухайн хоёр лиценз нь хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй юм аа” гэсэн дүгнэлт гарчихсан байгаа.
ОНТРЭГИЙН 20%-Д АМНАТ ТООЦОХ, ЭСВЭЛ НОГДОЛ АШИГ АВАХ ЭСЭХИЙГ УИХ ШИЙДНЭ
-Онтрэ гоулдын асуудал цаашаа шийдэгдээд 20 хувиасаа Монголын тал 34 хувийг эзэмшихээр боллоо гэж үзвэл ч Оюу толгой төсөл дээр хэзээ цэвэр ашиг, ноогдол ашиг хүртэх нь тодорхойгүй байгаа шүү дээ. Тэгвэл бид Онтрэ-ийн гэрээн дээр 34 хувь эзэмших ёстой юу эсвэл АМНАТ-аа нэмэх байдлаар орлуулах ёстой юу?
-Эрдэнэс Оюу толгой дээр хийсэн дүн шинжилгээ дээр үндэслэн ярихад тухайн 34%-ийг бид нар АМНАТ-аа таван хувиар өсгөх байдлаар Монголын талын хүртэх ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Өнөөдөр Оюу толгой компани чинь АМНАТ дээрээ таван хувийг л төлдөг шүү дээ тэ. Үүнийг 10 хувь болгоход л хүртэх ашиг хоёр дахин нэмэгдэх боломжтой. Миний хэлээд байгаа тоо бүүр цаашлаад 6 тэрбум болгох боломжтой. Бүр цаашлаад Эрдэнэт ТӨҮГ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж 19, 20 хувийг төлдөг шүү дээ.
-Та бол Оюу толгойн төсөл дээр Монголын талын 34%-ийг төлөөлж сууж байгаа гурван гишүүний нэг. Тиймээс энэ асуултыг асууя. Өнгөрсөн жилийн нийт борлуулалтын орлогын хэдэн хувь нь зардалд хэдэн хувь нь зээлд явж байгаа вэ?
-Оюутолгой компанийн далд уурхай маань 2023 оны 1 дүгээр улирлаас эхэлж тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн шүү дээ. Тэгэхэр 2024 онд далд уурхайн олборлолт бүтэн жил явагдсан гэсэн үг. Тиймээс Оюу толгой компанийн нийт борлуулалт нэлээн их нэмэгдсэн. 2024 оны гүйцэтгэлээр нийт орлого 2.2 тэрбум доллар байсан.
Үүнээс яг ашигтай үйл ажиллагаа нь 2024 оны хувьд 710 сая доллар буюу 30 хувийн ашигтай гэж гарсан. Харин нөгөө талд Оюутолгой компани зээлийн хэмжээ 20 тэрбум доллар. Үүний хүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Үүний 10 тэрбум нь Рио Тинто болон харилцаа хамааралтай этгээдүүдээс олгосон зээл байгаа. Зургаан тэрбум доллар нь хуримтлагдсан хүү.
-Хэдэн оноос бид Оюу толгойгоос ноогдол ашиг хүртэх вэ?
-Энэ бол зэсийн үнэ алтны үнээс шалтгаалаад хэлбэлзэнэ. Рио тинтогоос бидэнд шахалт үзүүлээд байгаа талаар би хэлсэн. Ирэх 10 жил Оюутолгойн хамгийн ашигтай он жилүүд. Тэр ашигтай он жилүүдэд Онтрэ-гийн лиценз зогсчихсон явж байгаа. “Онтрэ-гийн лицензийн асуудлыг яаж шийдвэрлэхээс хамаараад танай ноогдол ашиг чинь хойшлох боломжтой шүү” гэж бид нарыг шахалтад оруулаад байгаа л даа. Бид дараагийн 10 жилдээ хийх мега төслүүдийнхээ санхүүжилтийг урьдчилсан байдлаар АМНАТ хэлбэрээр авч санхүүжүүлэх үү эсвэл Оюу толгой компаниас хэзээ нэгэн цагт ногдол ашиг авах юм чинь гэж бодоод Онтрэ дээр хөрөнгө оруулалтын гэрээгээр 34 хувийг нь аваад явах уу гэдэг асуудлыг манай УИХ-ын гишүүд маш нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй.