
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган” Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.
ПАК ДУ ЁН: ҮОМШӨ ГАРЧ БАЙГАА ХАМГИЙН СУЛ, ЭРСДЭЛТЭЙ ХЭСГҮҮДЭД АНХААРАЛ ХАНДУУЛАХ НЬ ЧУХАЛ
Чуулганы үеэр БНСУ-ын Хансон Их сургуулийн хөдөлмөрийн эрүүл ахуйн профессор, доктор Пак Ду Ён Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх олон улсын туршлага сэдвээр илтгэл тавьж, өөрийн орны болон азийн орнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хуулийн орчин, анхаарах асуудал зэргээр мэдээлэл өглөө.
Тэрээр ХАБЭМ-ийн асуудал нь дэлхий дахинд тулгамддаг нийтлэг асуудал бөгөөд тогтолцоог илүү сайжруулъя гэвэл төр, ажилтан, ажил олгогчид, иргэний нийгмийн байгууллагууд гээд тал бүрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудын ХАБЭМ-ийн туршлагыг судлах нь зөв ч гэсэн түүнээс илүү ҮОМШӨ гарч байгаа хамгийн сул, эрсдэлтэй хэсгүүд дээр анхаарал хандуулах нь хөгжиж буй орнуудад чухал гэдгийг онцоллоо. Мөн ямар нэгэн хориг, хязгаарлалт тогтоож, шийтгэхээс илүүтэй урьдчилан сэргийлж, дэмжиж ажиллах нь ач холбогдолтой. Цаашид ХАБЭМТ гэх энэ байгууллагын үүрэг оролцоо маш чухал. Дэд бүтцээ хөгжүүлж буй орнуудын хувьд технологийн шийдлийг ашиглах, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэв.
Түүнчлэн ХАБЭМ-ийн асуудлыг үйлдвэрлэлийн салбарын соёл, нийгэм, эдийн засгийн онцлог гээд өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй байдаг. Азийн хөгжиж буй олон оронд ажиллах хүчний хомсдол, технологийн хөгжил сул зэрэг олон нийтлэг асуудал бий. Миний бие үүнтэй холбоотойгоор ХАБЭМ-ийн мэргэжилтнүүдийн оролцоог хангасан Азийн нэгдсэн сүлжээг байгуулсан ба үүнд Монгол Улс (Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо) төлөөлөлтэй байдаг. Үүнийг ярьж байгаа учир нь бид Азийн улс орнуудын ХАБЭМ-ийн салбарын мэргэжлийн хүмүүс цуглаж, асуудлаа хэлэлцдэг уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг ба ирэх 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд та бүхэн өөрийн болон азийн улс орнуудын хүрээнд асуудлаа тодорхойлж, салбарын хэмжээнд ахиц гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.