
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцыг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Төрийн нарийн нарийн бичгийн дарга Марко Рубиог томилжээ. Д. Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ М.Уолцыг АНУ-ын ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихын тулд шаргуу ажилласан хэмээн үнэлж, түүнийг АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайдаар томилохоор төлөвлөж буй талаараа бичжээ. Ажиглагчид өнгөрсөн 3-р сард Майк Уолц АНУ-ын засаг захиргааны дээд албан тушаалтнуудын групп чатад санамсаргүй байдлаар The Atlantic сэтгүүлд ажилладаг сэтгүүлчийг нэмж, АНУ-ын Йемений хуситуудад цохилт үзүүлэх тухай нууцын өндөр зэрэглэлтэй мэдээллийг задруулсан нь түүнийг албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болсон хэмээн үзэж байгаа аж.
Төрийн нарийн бичгийн дарга М. Рубио М. Уолцын оронд томилогдсоноор 1970-аад оноос хойш төрийн нарийн бичгийн дарга болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг зэрэг хашсан анхны хүн болж байгаа аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь Сенатын сонсголд оролгүйгээр томилогддог өндөр эрх мэдэлтэй албан тушаалтан юм. Д. Трампын хувьд АНУ-ын төрийн тэргүүнээр анх сонгогдохдоо аюулгүй байдлын 4 зөвлөхтэй байсан билээ.