
УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэх ёстой байсан ч АН-ын бүлэг хэлэлцэх ёстой гурван асуудал дээр завсарлага авч, хойшиллоо. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж үргэлжилнэ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг Ж.Баярмаа гишүүн болон УИХ-аас уучлалт гуйх ёстой гэх байр суурийг илэрхийлж, уучлалт гуйхыг шаардаж байгаа. Зээлийн мэдээллийн сангийн асуудал, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний хуулийн асуудал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал дээр АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх хэрэгтэй байгаа. Тиймээс АН бүлэг дээрх асуудал дээр гурав хоногийн завсарлага хүсэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гурав хоногийн завсарлага гэхээр Даваа гарагт УИХ-ын чуулган хуралдах шаардлагатай болно гэсэн үг шүү дээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж намын бүлэг тав хүртэлх хоногийн хугацаатай завсарлага авах эрх байгаа. Гэхдээ төрийн ажил тасралгүй явах зарчмаа бодъё. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулган дээр бүрэн хийсэн. Гишүүд асуулт асууж, хариулт авсан. Бас үгээ хэлсэн. Өнөөдөр бол зөвхөн санал хураалт явагдахаар байгаа. Тэгэхээр эдгээр асуудал дээр АН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас дараах гурван асуудалд нэг өдрийн завсарлага өгье.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
- Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийнтөсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал