
Таеквондогийн 2025 оны оюутны УАШТ-ийг Монголын Оюутны спортын холбооноос зохион байгуулан нэгдсэн дүнгээ гаргасан. Дотоод хэргийн их сургуулийн спортын зааланд болсон тэмцээнд 17 их, дээд сургуулийн эрэгтэй 34, эмэгтэй 46 нийт 80 тамирчин оролцож, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдлөө.
Бид тус тэмцээнийг зорин, очиж, МОСХ-ны төлөөлөл болон тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулан оролцсон дасгалжуулагч багш нартай цөөн хором ярилцлаа.

Монголын Оюутны Спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан: Оюутан тамирчдын өрсөлдөх чадвар улам чадавхжиж байна


-Монгол Улсын оюутны улсын АШТ спортын 10 төрлөөр энэ жил зохион байгуулагдаж байгаа. Харин таеквондогийн тэмцээн бол 8 дахь удаагийнх нь тэмцээн зохион байгуулагдаж байна. Үүний дараа 5 дугаар сарын эхээр хоёр спортын төрлийн тэмцээн болоод, их, дээд сургуулиудын энэ жилийн спортын улсын хэмжээнийх нь тэмцээн ингээд өндөрлөнө.
Энэ удаагийн тэмцээнийг бид нар Дотоод хэргийн их сургуулийг тусгайлан сонгож явуулж байгаа, хотын одоо зах руу оршдог. Гэсэн хэдий боловч одоо спортынх нь материаллаг бааз нэлээн сайн учраас тус сургуулийн албаныхны зүгээс хичээл сургалтын системд энэ тулааны чиглэлийн спортууд ордог зэрэг хэд хэдэн онцлогийг нь үндэслээд бид нар энэ сургуулийн удирдлагуудтай нь ярилцаад сонгосон байгаа.
Тэгээд сургуулийн удирдлагууд болон биеийн тамирын тэнхимийнхэн бас энэ арга хэмжээг сайхан хүлээж авч зохион байгуулж байгаа. За техникийн талаасаа Монголын оюутны таеквондогийн холбоо гэж манай холбооны гишүүн байгууллага. Энэ байгууллага удирдан зохион байгуулж байна. Тэгээд бид нар энэ удаагийн тэмцээнээс шалгарсан баг тамирчдыг 7 дугаар сарын 16-наас 27-ны өдөр Германы Рейн Рур муж улсад Дэлхийн оюутны спортын зуны ХХХ дугаар их наадамд шалгаруулан оролцуулна. Нийтдээ 24 тамирчин оролцоно. Өмнө болбол бид нар зөвхөн таеквондогийн тулааны спортын төрлүүдээр оролцдог байсан бол энэ жилээс Пүмсэ гээд үзүүлэх чиглэлийн энэ спортын төрөл Универсиадын хөтөлбөрт ороод бас 2-3 удаа зохиогдчихсон байгаа. Тэгээд энэ одоо төрөлд нь бас Монгол Улсын баг тамирчдаа сонгож оролцуулахаар өчигдөр одоо сонгон шалгаруулалтаа хийгээд одоо баг тамирчдаа сонгосон. За тусгайлаад БНСУ-аас одоо дэлхийн аварга мэргэжлийн тамирчныг урьж авчирч дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Ингээд 6-7 сарын хугацаанд бэлтгээд энэ баг тамирчдаа одоо оролцуулахаар төлөвлөж байна. Ер нь цааш цаашдаа бас Дотоод хэргийн их сургууль дээр оюутны спортын одоо их наадмын тэмцээнүүдийг зохион байгуулах бас бололцоотой юм байна аа гэж одоо бид нар үзэж байгаа. За ингээд оюутны спортын наадмын дотоодын тэмцээн одоо өндөрлөхөд 2 спортын төрөл үлдэж байгаа.
Үүний дараагаар бид нар бас сургуулиудыг спортынх нь наадмын, энэ 10 төрлийн тэмцээнд оролцсон дүнгээр нь бас шалгаруулж аль одоо их сургуулийн баг тамирчид улсын хэмжээнд биеийн тамир спортынхоо үзүүлэлтээр амжилттай сайн явагдаж байгаа гэдгийг бас ийм шалгаруулах бодолтой байгаа.


Оюутны таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч Э.Буяншагай: Оюутны УАШТ-ий гол давуу тал Олон улсын стандартад нийцсэн видео реплей буюу бичлэг ухраах үзүүлэлт нь яг стандартын дагуу шинэчилсэн камертай болсон
-За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрөө ҮШБ-ийн дасгалжуулагч Энхболдын Буяншагай байна. Манай шигшээ багийн тамирчдаас 5-7 тамирчин ҮБТДС-д сурдаг. Тэгээд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн яг таеквондо хариуцсан багш маань Зоригт гэж багш байдаг. Түүний дор миний бие тэмцээнд шигшээ багийн тамирчдыг өөрөө удирдаад оюутны улсын аварга тэмцээндээ оролцож байна. Манай тамирчид өчигдөр Хятад улсад болсон нээлттэй тэмцээнд оролцчихоод ирсэн. Ирээд шууд тэмцээндээ үргэлжлүүлэн оролцож байна.
Одоогоор манай тамирчид ер нь бүгдээрээ финал руу орсон амжилттай оролцож байна. Энэ жилийн оюутны УАШТ маань давуу тал ихтэй болж байна. Яагаад гэвэл Олон улсын стандартад нийцсэн видео реплей буюу бичлэг ухраах үзүүлэлт нь яг стандартын дагуу шинэчилсэн камертай болсон байна. Түүгээрээ их давуу талтай болж байна. Яг тэмцээний зохион байгуулалтын хувьд бол жилээс жилд улам сайжирч, улам хөгжөөд, илүү эмх цэгцтэй, дэс дараатай, ер нь маш сайхан болж үргэлжилж байна.
Мөн оюутнуудын давуу тал нь Олон улсын оюутны Универсад гэж болдог. Одоо энэ улсын аваргаас алтан медаль хүртсэн тамирчид маань 2025 оны 7 сард дэлхийн оюутан тамирчдын Универсадад явах эрхтэй болно.


ДХИС-ийн биеийн тамир, албаны бэлтгэлийн институтын багш С.Эрдэнэбат: Пүмсэ буюу үзүүлэх дасгал нь таеквондогийн үндсэн техникүүдийг гаргасан онцгой төрөл
-Таеквондогийн тулааны төрөл нь бол мэдээж ойлгомжтой. Олимпын төрөлд орчихсон, Дэлхийн универсад, Азийн наадам, Зүүн Азийн наадмуудад орж явдаг. Пүмсэний төрлийг Дэлхийн таеквондогийн холбоо бас нэлээн эрчимтэй хөгжүүлсний үр дүнд Азийн наадам, оюутны Универсад наадамд энэ жилээс орж байгаа. Пумсэ гэдэг маань ерөнхийдөө таеквондогийн үндсэн техникүүдийг гаргасан, тоот дасгалын төрөл байгаа. За тэрхүү төрөлд ерөнхийдөө тамирчид маань бас нэлээн хичээж, Монголд үйл ажиллагаа нэлээн эрчимтэй явагдаад сайжирч байгаа. Тэгээд энэ удаа наадмаас бас Пүмсэний төрлөөр тамирчид маань анхны медалиудаа авах байх гэж бодож байна.


Энэхүү тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдыг Германы “Рейн Рур” бүс нутагт 2025 оны 07 сарын 16-27-нд болох дэлхийн оюутны Универсиад наадамд оролцуулах эрх олгосон.
Тэмцээний дүнг танилцуулья:
1 дүгээр байр:
- Үндэсний БТДС, 33 оноо
2 дугаар байр:
- Дотоод хэргийн их сургууль, 28 оноо
3 дугаар байр:
- Мон Алтиус дээд сургууль, 16 оноо
Пүмсэний шигшээ багийн сорил амжилттай зохион байгуулагдсан. Шигшээ баг Дэлхийн аварга, Универсиад наадмын аварга, дэлхийн таеквондогийн үзүүлэх тоглолтын ахлагч дасгалжуулагч Ли Жаевоны удирдлага доор бэлтгэгдэх ажээ.