
Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр тохиож байна. Эл өдрийг 1982 онд ЮНЕСКО-гийн Олон улсын театрын хүрээлэнгийн санаачилгаар үүсгэн байгуулсан бөгөөд бүжгийн урлагийг дэлхий даяар хүндэтгэн тэмдэглэх зорилготой аж.
Уг өдрийг сонгодог бүжгийн нэрт зүтгэлтэн, балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новеррийн (Jean-Georges Noverre, 1727–1810) төрсөн өдрөөр (дөрөвдүгээр сарын 29) тэмдэглэдэг. Түүнийг “Орчин үеийн балетын эцэг” гэж үздэг.
Энэхүү өдрийн зорилго нь бүжгийн урлагийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, дэмжих, бүжигчид, бүжгийн байгууллагуудыг урамшуулах юм. Мөн улс үндэстний хил, соёлын ялгааг үл харгалзан бүжгээр дамжуулан хүмүүст эв нэгдлийг мэдрүүлэхийг зорьдог билээ.
2025 оны Дэлхийн бүжгийн өдрийн албан ёсны уриа нь “Бүжгээр эрх чөлөөг мэдрэхүй” (“Dancing our way to freedom”) юм.
Энэ уриа нь бүжиг нь хувь хүний сэтгэл хөдлөл, соёл, нийгмийн хүрээнд эрх чөлөөг илэрхийлэх хүчтэй хэрэгсэл болохыг онцолж байна.
Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог бөгөөд 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгож байсан түүхтэй аж.
Бүжгийн урлагийн зах зээл жилээр бус өдрөөр хүрээгээ тэлж, уран бүтээлчид томоохон фестивалиудаар дамжуулан өөрсдийгөө таниулж, алдартай агентлагуудтай гэрээ хийн, улс үндэстэн харгалзахгүйгээр нэгдэн нийлсээр байна.