
Ватиканы хэвлэлийн алба Ромын Католик сүмийн шинэ тэргүүнийг сонгох санал хураалт ирэх сарын 7-нд эхлэх болсныг мэдэгджээ. Өнгөрсөн даваа гарагт католик сүмийн кардиналууд хаалттай хуралдаж шинэ Пап ламыг сонгох санал хураалт буюу конклавын товыг тогтоожээ.
Конклавт 80-аас доош настай кардиналууд оролцох эрхтэй ба энэхүү шаардлагыг 252 кардиналаас 135 нь хангаж байгаа аж. Католик сүмийн Дээд Их Хамба ламыг сонгох олон зуун жилийн түүхтэй санал хураалтын үйл явц Систины сүмд болдог уламжлалтай бөгөөд санал хураалт үргэлжлэх хугацаанд кардиналууд Систины сүмээс зөвхөн хооллож, амрахын тулд гарах ба кардиналуудыг өөр бусадтай харилцахыг нь хориглодог байна.
Конклав нь аль нэг кардинал нийт саналын 2/3-ыг авсан тохиолдолд дуусах бөгөөд иргэд Систины сүмийн яндангаас цагаан өнгийн утаа гарах үед Католик сүмийн шинэ тэргүүн сонгогдсоныг мэдэх юм.