
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт өнөөдөр нийт дөрвөн удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Харин нийслэлийн зургаан дүүрэгт 10 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдэж, бүрэн унтраалаа. Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг ихтэй байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.