
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайнд байлдаж буй цэргүүдээ баатрууд хэмээн өргөмжилж, нийслэл Пхеньян хотод тэдгээр цэргүүддээ зориулж хөшөө босгохоо мэдэгджээ. Тэрээр ОХУ-д дайтаж буй цэргүүдийн ар гэрийнхэнд онцгой хүндэтгэл үзүүлж, тусалж дэмжих ёстой хэмээн онцолжээ.
Өнгөрсөн бямба гарагт Москва Хойд Солонгосын цэргүүд Курск мужийг чөлөөлөхөд тусалсан хэмээн мэдэгдсэний дараа Хойд Солонгосын KCNA агентлаг ОХУ-ын Курск мужийг чөлөөлөх тулаан нь хоёр улсын цэргийн бат бөх нөхөрлөл стратегийн өндөр түвшинд хүрснийг харууллаа хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосын цэргүүд Курск мужид Оросын талд байлдаж буй тухай мэдээ мэдээлэл гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд Пхеньян, Москва хоёрын зүгээс албан ёсны ямар нэг тайлбар мэдэгдэл хийгээгүй юм.
Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн мэдээлснээр Пхеньян ОХУ руу 14 мянган цэргээ илгээсэн ба тулааны явцад шархадсан болон амиа алдсан Хойд Солонгосын цэргүүдийн тоо 4000-д хүрчээ.
Пхеньян ОХУ-ын зэвсэгт хүчинд их бууны сум, баллистик пуужин зэрэг зэр зэвсэг нийлүүлснийхээ хариуд ОХУ-аас эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж авч байгаагаас гадна ОХУ-ын хиймэл дагуул болон зэвсэгт хүчний технологид нэвтэрч цөмийн пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж байгаа талаар барууны эрх баригчид болон БНСУ мэдэгдсэн билээ.