
Стокгольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Институтээс хийсэн судалгаагаар дэлхийн зэвсэгт хүчний зардал 2023 оныхоос 9.4 хувиар өсөж, 2024 онд 2.72 их наяд ам.долларт хүрчээ.
Геополитикийн хурцадмал байдал нь улс орнуудыг зэвсэгт хүчний зардлаа нэмэгдүүлэхэд хүргэсэн ба Европын болон Ойрх Дорнодын улс орнууд зэвсэгт хүчний төсвөө хамгийн ихээр нэмсэн байна.
Стокгольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Институтээс гаргасан тайланд, “2024 онд дэлхийн 100 гаруй улс зэвсэгт хүчний зардлаа нэмсэн. Засгийн газрууд бусад салбаруудаа орхигдуулан зэвсэгт хүчний аюулгүй байдлыг чухалчлах болсон нь эдийн засаг, нийгмийн салбарт урт хугацааны сөрөг үр дагавруудыг дагуулах уршигтай.” хэмээн онцолжээ.
Украины дайн болон АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын НАТО-гийн тал дээр баримталж буй бодлогоос үүдэн Европын зэвсэгт хүчний зардал 17 хувиар өсөж, Хүйтэн дайны төгсгөлд бүртгэгдсэн рекордыг эвджээ.
ОХУ-ын хувьд 2024 онд зэвсэгт хүчний зардал нь 38 хувиар өсөж, 149 тэрбум ам.долларт хүрсэн нь 2015 оны зэвсэгт хүчний төсвийн зардлыг нь хоёр дахин нугалсан үзүүлэлт аж. Оросын зэвсэгт хүчний төсөв нь ДНБ-ийх нь 7.1 хувь, засгийн газрынх нь нийт зардлын 19 хувийг эзэлжээ.
Украины хувьд зэвсэгт хүчний зардал нь 2.9 хувиар өсөж, 64.7 тэрбум ам.долларт хүрсэн ч ОХУ-ын зэвсэгт хүчний зардлын 50 хувьд ч хүрэхгүй байна. Тус улсын зэвсэгт хүчний зардал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 34 хувийг эзэлж байгаа ба уг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлжээ. Татвараас олсон бүх мөнгөө зэвсэгт хүчиндээ зарцуулж байгаа тус улсад цаашид зэвсэгт хүчний зардлаа нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байх болно хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
АНУ-ын хувьд зэвсэгт хүчний зардал нь 5.7 хувиар өсөж, 997 тэрбум ам.долларт хүрсэн нь НАТО-гийн зэвсэгт хүчний зардлын 66 хувь, дэлхийн зэвсэгт хүчний зардлын 37 хувьтай тэнцжээ.