
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй парламент бүрдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Манай нийгмийн олон бүлгийн төлөөллийг илтгэхүйц олон нам, эвсэл, салбар бүрээс нэр дэвшиж сонгогдсоны дотор анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн.
“Хүн төвт” эрх зүйн бодлого баримтлахаа зарласан УИХ-ын Тамгын газраас чуулганы хуралдааны танхим болон Төрийн ордны орц, гарц, хүртээмжтэй байдалд анхаарал хандуулж, “Их Хуралдай” танхимд анх удаа тэргэнцэртэй иргэнд зориулсан индэрийг суурилуулжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлт, бусад шийдвэрийг танилцуулах үүрэг хүлээсэн гишүүд индэрт гарч илтгэдэг дэгтэй. Ямартаа ч УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орчны саадгүйгээр илтгэх боломж бүрджээ. Түүнчлэн хэвлэлийн бага хурал зохион байгуулах, мэдээлэл өгөх үед ашиглах хүртээмжтэй индэр, бусад хэрэгслийг ч байрлуулах бололтой.