
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.
Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал нь:
Улс төрөөс хараат бус байдал хангагдаагүй, мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент бүрдээгүй, ил тод, олон нийтийг бодит мэдээллээр хангах байдал хангалтгүй, богино хугацааны төсвийн шинжтэй хөтөлбөрт ашиглагддаг, төр засгаас баялгийн сангийн урт хугацааны, тогтвортой хөгжлийн эсрэг шийдвэрүүдийг гаргасан байдалтай байна.
Цаашид улс төрөөс хараат бус, олон улсын жишигт нийцсэн стратегийн сан болгон төлөвшүүлэхийн тулд Үндэсний Баялгийн Сангийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг боловсронгуй болгох шаардлагатай байна хэмээжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан төслөөр Улсын Их Хурал баталсан. Уг хуулийн дагуу Үндэсний баялгийн сан байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь ололттой.
Гэсэн хэдий ч төрөлжсөн сангуудын чиг үүргийн давхцал, орлогын эх үүсвэрийн оновчгүй хуваарилалт, улс төрөөс хараат бус мэргэжлийн удирдлага, засаглалын зарчмуудыг олон улсын сайн туршлагаас өөрөөр, эрх баригчдын сонирхолд нийцүүлэн баталсан. Үүнээс үүдэлтэй сөрөг талууд нь өнгөрсөн ганцхан жилийн дотор илт мэдрэгдэв.
Олон Улсын баялгийн сангуудын алтан стандарт болох “Сантьягогийн зарчим”-д зааснаар баялгийн сан амжилттай ажиллах гол шалгуур нь улс төрөөс ангид байдал, мэргэжлийн хөрөнгийн удирдлага, хараат бус бүтэц юм.
БАРТЕРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАМ, ГҮҮР, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ГЭХ МЭТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДААР СОЛИХ БОЛВОЛ МӨНГӨН ОРЛОГО ИЛТ БАГАСЧ АШИГТТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
Мөн Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 10.3 дугаар зүйлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно.” хэмээн тусгасан байна. Хэрэв энэ хууль батлагдвал төрийн өмчит уул уурхайн компаниуд их хэмжээний бартерын гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ зам, гүүр, сургууль, цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалтуудаар солих болно.
Ингэвэл тэдгээрийн мөнгөн орлого илт багасч ашигттай ажиллах боломжгүй болно. Улмаар Үндэсний Баялгийн Сангийн Ирээдүйн өв, Хуримтлалын сангуудад төвлөрүүлэх ёстой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг үгүй болох бодит эрсдэл харагдаж байна.