
Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлсэн.
Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.
Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.
– Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,
– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,
– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.
Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.