
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн.
Ингэснээр тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ажлаа хийсний төлөө ял эдэлдэг, шоронд хийдгээр нь үлдээж ерөөсөө болохгүй. Энэ бол салбар, энэ бол мэргэжлийн сэтгүүл зүйг яриад байна.
“Нөгөөдүүл болохоор хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг яриад байгаа байхгүй юу. Энэ хоёрыг тусад нь салгана шүү дээ. Тэгвэл бид нар яах гэж “сэтгүүлч” гэдэг мэргэжил эзэмшсэн юм. Яах гэж энэ ёс зүйг нь бариад, юуны тулд үүнд зүтгээд байгаа юм. Би бол 28 жил энэ салбарт яг фронт дээр нь ажиллаж байсан. Би дарга хийгээд нэг газар суугаагүй, яг өөрөө тэр талбарт нь ажиллаж байсан. Тэр зовлрн, жаргалыг нь маш сайн мэдэж байгаа. Зүгээр л мэдээлэл авах эрх чөлөөг нь нээгээд өг. Тэгсэн тохиолдолд хүн гүтгэх эрх чөлөөгүй болно. Тэгвэл тохиолдолд эрх чөлөөгүй болно. Тэр тохиолдолд хүн гүтгэсэн бол хариуцлагаа үүрэх ёстой.
Дээрээс нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд татвараа төлөх ёстой. Тэгэж байж өнөөдөр тэр ААН байна. Мөн дээр нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ашгийн төлөө байдаг. Гэтэл ард түмэн, олон нийт сайн санааны байгууллага шиг ойлгодог. Бид нар ашгийн байгууллага. Хаанаас мөнгө авч байгаа, хаанаас юм хийж байна үүнийг тодорхой байлгана. Ингээд л болоо. Ерөөсөө л хоёр, гуравхан зохицуулалт.
Сэтгүүлч улсын нууцыг хамгаалах үүрэггүй. Ер нь бол улсын нууцыг задлахын төлөө л явна шүү дээ. Харин улс нь нууцаа хамгаалах ёстой шүү дээ. Энэ нь л зарчим байхгүй юу” гэв.