
1998 онд 4 бүлэг бүхий Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх санаачилга Засгийн газраас гарч, Хууль зүй, дотоод хэргийн сайд уг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсанаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин өнөөдөр энэ хуулийн төслийн хэлэлцэх ёстой эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд хэлэлцье гэж шийдлээ.
Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж бий. Үүнээс цааш хуулийн хүрээнд зайлшгүй зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг тогтолцоог халах нь нэн тэргүүний шаардлага.
Монгол Улс Эрх зүйт төртэй бөгөөд Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн 3 засаглалтай. Харин Дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн салбарт эрх зүйт зохицуулалт хэрэгтэй ч хэвлэлийн эрх чөлөө хэмээх дэлхий нийтээрээ хүээн зөвшөөрсөн орон зайг эрүүжүүлэхгүй байх ёстойг нэгдсэн чуулганы үеэр гишүүд сануулж байлаа.
БУСДЫН НЭР ТӨР, АЛДАР ХҮНД, НИЙГМИЙН ЁС ЗҮЙ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХГҮЙГЭЭР ХЭВЛЭН НИЙТЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙХ ҮЗЭЛ БАРИМТЛАВ
Техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүрд үзэл бодлоо олон нийтэд хандан илэрхийлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байгаа нь сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулалт бий болгох нь төрийн үүрэг гэдгийг О.Алтангэрэл сайд танилцуулгадаа дурдаад хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан байна.
ИРГЭНИЙ ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЯЛГААТАЙ
Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой. Мөн хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой зохицуулалт тусгасан.
Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалт тусгасан байна.
МЭДЭЭЛЛИЙН ЭРХ СУРВАЛЖАА ХАМГААЛАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛСНААР ХУУЛЬ БУС БАЙЖ БОЛОХ ҮЙЛДЛИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ДАМЖУУЛАН ИЛЧЛЭХ, ХАРИУЦЛАГАТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ХӨГЖИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Хуулийн төсөл батлагдсанаар хэвлэн нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусад ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэн нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарласнаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бусад этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос сэргийлснээр олон ургальч үзэл оршин тогтнох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод, нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болох юм.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙН ОЛОНХ НЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИЖ, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
Хуулийн төслийн 4.1.3-т хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн цахим хуудсыг гэж ойлгоно гэхээр төрийн бүх байгууллага цахим хуудас, пейж хуудсаа хаах уу гэдгийг лавласан. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариултдаа, хувь сэтгүүлчийг хэрхэн ёс зүйтэй байлгах вэ гэдэгтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулаагүй. Энэ асуудал Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуулиар зохицуулагддаг гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Тиймээс төрийн байгууллага мэдээллээ хүргэхдээ хэвлэлийн төлөөлөгч, цахим хуудсаараа дамжуулах бүрэн боломжтой. Гагцхүү татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг, рийл, нэвтрүүлэг хийх зэргээр бүтэн редакци ажиллуулаад үүнийг дахиад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байдлыг таслан зогсоох асуудлыг тусгасан. Тусгайлан сурталчилгаа хийх шаардлагатай бол үүнийгээ нээлттэйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, гэрээ хийнэ гэж төсөлд тусгасан гэж байлаа.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ Л НЭЭЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, энэ салбарт 28 жил ажиллаж, олон удаа цагдаа, шүүхээр яваад хүн гүтгэсэн гэдэг зүйлээр ял сонсож үзээгүй сэтгүүлч хүний хувьд хэлэхэд энэ хуулийг дахиж сайн боловсруулах шаардлагатай. Хамгийн чухал нь мэдээлэл авах эрх чөлөөг нь л нээж өгөх нь зүйтэй. Мэдээллээ өгөхгүй байхаар хүн гүтгэх байдал нь бий болоод байдаг. Хүн гүтгэх эрх чөлөөг нь хаах саналтай байна гэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Эрүүгийн хууль болон бусад хуулиар сэтгүүлчдийг барьж хорьж, хэлмэгдүүлж байгааг нэг бус гишүүн хэллээ. Нийт хэчнээн сэтгүүлчид хуулиар ял шийтгэл эдэлж, хэлмэгдсэнийг тодруулахын зэрэгцээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас сэтгүүлч, редакцийн хэвлэн нийтлэхтэй холбоотой хариуцлага хүлээх заалтыг хасаж, Иргэний хууль, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ажлын хэсгээс манай байгууллагын хувьд дөрвөн жилийн өмнө сонгуулийн үеийг хамруулаад Эрүүгийн хуультай холбоотойгоор маргаанд орсон 206 хэргийг судлахад үүний 18 хувь нь сэтгүүлч, 80 гаруй хувь нь иргэд хоорондын асуудал байсан. Тэрхүү 18 хувиас Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн нь цөөхөн байсан ч сүүлийн үед энэ тоо ихсэж байгаа. Үүний цаана сэтгүүл зүйн үйл ажиллагааг Эрүүгийн хууль, Иргэний хуулийг ашиглан айлгах, дарамтлах, хэм хэмжээ тогтоох явдал гарч байна. Иймд сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой алдааг олон улсын жишгээр ёс зүйн хүрээнд шийддэг зөөлөн зохицуулалтруу шилжих нь зүйтэй хэмээх нэмэлт тайлбарыг хийлээ.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ Л НЭЭЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХУУЛЬЧЛАХ ТУСАМ ХУМИГДАНА
Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн зүгээс эрх чөлөө нэмж хүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдэлье гэсэн саналтай байгааг дурдаад ер нь эрх чөлөөг хуульчлах тусам хумигдана. Тиймээс Засгийн газраас төслөө татаж авч, асуудалд ул суурьтай хандахыг хүсэж байна гэв.